Д.Сумъяабазар: Байгалийн тогтоцтой уялдсан шинэлэг тохижилт хийнэ

БАЙГАЛЬ ОРЧИН

Нийслэлийн хэмжээнд 188 байршлын нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгаж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлын явцыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хотод нэг хүнд таван метр орчим ногоон байгууламж ногдож байгаа нь дэлхий нийтийн хэмжээнд сүүл мушгих шахуу үзүүлэлт. Хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт дунджаар 24 метр квадратад хүрсэн байдаг. Тиймээс Улаанбаатар хотод ногоон байгууламжийг нэмэхдээ барилгын норм дүрэм, стандартыг хангасан зохицуулалт, хууль, эрх зүйн шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Барилга, хот байгуулалтын сайдаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна.  Манай хотод ногоон байгууламжийн өгөгдөл бүхий байгалийн тогтоц бүхий хэд хэдэн байршил бий. Туул гол, Сэлбэ голын эрэг орчим, дүүргүүдийн газар нутагт ч ногоон байгууламж байгуулан тохижуулах боломжтой талбай байдаг. Энэ чиглэлд мэргэжлийн хүмүүсийн хүч чадлыг дайчлан хамтдаа санаачилж ажлаа эхлүүлсэн хэд хэдэн газар бий. Тухайлбал, Ар Зайсангийн гудамж, Дугуй цагаан орчим бол манай хотын иргэдийн зорих дуртай газрын нэг. Ууланд алхах, үр хүүхдээ салхилуулах, явган аяллыг хөгжүүлэх зорилгоор  Дугуй цагаан орчимд зорчдог. Энэхүү байршлын тохижилтын ажил эхлээд байна. Наймдугаар сарын 20-н гэхэд хүлээлгэн өгөх юм. Богдхан уул бол Улаанбаатар хотын үнэт зүйл  болсон газар төдийгүй байгалийн тогтоц сайхантай. Байгалийн тогтоцтой уялдсан шинэлэг тохижилт хийнэ гэж итгэж байгаа. Мөн Туул голын эрэг дагуух тохижилт эхэлсэн. Зарим аж ахуйн нэгжийн хийж буй ажил хангалтгүй байна. Ялангуяа өндөр өртөг бүхий тендерт ялсан компаниуд хангалттай ажиллахгүй байна. Үндэсний аж ахуйн нэгжүүд сэтгэл гаргах ёстой гэдгийг хэлье” гэв.