Ц.Даваасүрэн: Төрийн эрх ард түмний мэдэлд байдаг. Гэтэл тэр эрх нь улс төрийн намд шилжих нь

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс  Үндсэн хуулийн Цэц, сонгуулийн тогтолцооны асуудлаар тодрууллаа.

-Та Үндсэн хуулийн Цэцийг буруутгаж гишүүдийг нь огцорхыг шаардсан. Энэ талаар тодруулж өгнө үү?

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр эцсийн байх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн Цэц хэдхэн хоногийн өмнө хуралдаад байж боломгүй шийдвэр гаргасан. Тодруулж хэлбэл 2012, 2016 онд гаргасан шийдвэрүүдээсээ  няцаж Үндсэн хуультай  зөрчилдөөгүй байна гэсэн  шийдвэр гаргаад байгаа юм. Цэц өмнө нь дунд суудлын хуралдаанаараа “Сонгуулийн холимог тогтолцоо хэрэглэж болохгүй юм байна. Ардын Их Хурал сонгуулийн холимог тогтолцоог дэмжээгүй “ гэж үзсэн хурлын протокол нь  бий. Тэгээд “Сонгуулийн холимог тогтолцоо нь Үндсэн хуулийн зөрчилтэй байна” гэсэн шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр энэ шийдвэрээ  өөрчиллөө. Тухайн үед УИХ  Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны энэ шийдвэрийг хүлээж авсан. Ингээд эцсийн шийдвэр болж байгаа юм. Гэтэл  УИХ-ын  хүлээж авсан шийдвэрийг өнөөдөр өөрчилнө гэдэг нь байж боломгүй  асуудал. Ер нь  төр өмнө нь гаргасан шийдвэрүүдээ зургаа, арван жилийн дараа эргэж хараад өөрчлөөд байвал утаггүй юм болно. Тэгэхээр төрийн шийдвэр гэж зүйл байхгүй болно гэсэн үг. Жишээ нь хувьчлагдсан обеъктыг  хэдэн жилийн дараа эргээд авч хэлэлцээд хураагаад аваад байвал юу болох юм. Энэ чинь утгаа алдсан асуудал болно шүү дээ. Иймд Үндсэн хуулийн Цэц өмнө нь гаргасан эцсийн шийдвэрээ өөрчилж буй нь буруу. Эцсийн шийдвэр бол эцсийнх л байх ёстой.

-Яагаад. Алдаа мадаг байвал засах ёстой биз дээ?

-Үндсэн хуулийн Цэцийн одоо гаргасан шийдвэр нь нэг талаараа төрийн эргэлт гэж хэлж болно. Учир нь Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд  “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан. Ингэхдээ өөрсдийн  төлөөллөө сонгож байгуулсан УИХ-аар дамжуулж төр барина гэж тусгасан юм. Өнөөдөр УИХ-ын гишүүдийг ард түмэн сонгодог. Нүүр царайг нь харж байгаад нэрийг нь дугуйлдаг. Тэгвэл энэ холимог тогтолцоо гэдэг чинь нам дугуйлдаг юм. Өөрөөр хэлбэл нам сонгодог гэсэн үг. Эд нар одоо худлаа, үнэн ярьж байгаад намыг  хүнтэй нь дугуйлна гээд хуурч магадгүй. Үгүй, нам дугуйлдаг. Хүн дугуйлах юм бол тэр нь нөгөө сонгуулийн мажоритар тогтолцоо болно. Одоо яриад байгаагаар бол нам дугуйлаад л дуусна. Ингэсэн тохиолдолд  УИХ-ыг  сонгуульд ялсан улс төрийн намын дарга л бүрдүүлнэ гэсэн үг. Тэгэхээр төрийн эрх мэдэл ард түмнээс улс төрийн нам руу шилжих гээд байна. Энэ чинь төрийн эргэлт шүү дээ. Үндсэн хуулийн Цэц өнөөдөр ийм зүйл хийчихээд суудалдаа хувалз шиг шигдээд байж таарахгүй. Би тэднийг огцор гэдэг шаардлага тавьсан. Үүгээр зогсохгүй гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгох асуудлыг  УИХ-ын гишүүний хувьд гаргаад байгаа.

-Таны тавьсан энэ асуудлын хариу  хэд хоногийн хугацаанд гарах ёстой юм бэ?

-Хуульд зааснаар уг асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Ингээд тус хорооны дүгнэлт гарсны дараа долоо хоногийн дотор УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх учиртай. Тэгээд гарсан шийдвэрийг УИХ-ын дарга албан бичгээр миний тэр хүсэлтийг Үндсэн хуулийн Цэцэд уламжилна. Цэц гаргасан шийвэрээ эргэж хэлэлцэх ёстой. Ийм л үйл явцтай асуудлыг тавиад байгаа юм.

-Тэгвэл энэ хаврын чуулган таны тавьсан асуудлыг хэлэлцэж  амжих юм болов уу. Наадмын өмнөхөн  УИХ-ын хаврын чуулган завсарлах гэж байгаа шүү дээ?

-Хуульдаа ингээд заасан учраас харж, хүлээж  л байна.

-Үндсэн хуулийн Цэц ямар ашиг сонирхолын үүднээс уг шийдвэрийг гаргасан гэж харж байгаа вэ?

-Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр биш МАНАН байдаг болсон. Энэ МАНАН гээд байгаа нь нөгөө л  намын холилдсон бизнесийн олгархи бүлэглэлүүд, оффшорчид, банкны болон ЖДҮ-гийн дээрэмчид байгаа шүү дээ. Тэд өнөөдөр УИХ-д сонгогдох боломжгүй болчхоод Үндсэн хуулийн Цэцийг гар хөл болгон ашиглаад байна.

-Тэгэхээр хэдэн жилийн өмнөөс л МАНАН-г устгана гэж ярьж байгаа. Өнөөдөр бүрэн устаагүй гэсэн үг үү?

-Наад асуултаа МАНАН-г устгана гэж гарч ирсэн Ерөнхий сайдаас асуу. Тийм биз. Би тухайн үед дэмжээд оролцоод явсан. Эд нар шударга ёс тогтооно гэсэн. Тэднээс л асуу даа.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гээд өнөөдөр явж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа асуудлыг дэмжихгүй.

-УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар тойрогтоо буюу орон нутагт ажиллаад ирсэн. Иргэд ямар байр суурьтай байгаа юм бол?

-Иргэд “Үнийн өсөлтөөс үүдээд амьдрал тартагтаа туллаа. Ийм байхад юун Үндсэн хуулийн өөрчлөлт вэ. Ингэлээ гээд үнэ бууруулах уу” гэж ярьж байна лээ.

-Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөд нийцүүлж  шинэчлэх ёстой хуулиудаа баталж чадсан уу? 

-Чадаагүй. Нийт 42 хууль шинэчлэх ёстой. Үүнээс наймыг нь шинэчилсэн. Тэгэхээр өмнө нь нэмэлт өөрчлөлт хийсэн Үндсэн хуулийнхаа хэрэгжилтийг бүрэн хангаад үр дүнг нь үзээгүй байна гэсэн үг.