"Ачит-Ихт" компани Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO 14001:2015 стандартыг хангалаа

ДЭД БҮТЭЦ

Олон улсын стандартын мэргэшсэн байгууллага-“Ти Кюү Си Эс Ай Интернэшнл” ХХК-ийн албаны хүмүүс Байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO 14001:2015 стандартын баталгаажуулалтын гэрчилгээг “Ачит Ихт” ХХК-ийн хамт олонд гардууллаа.

“Ачит-Ихт” компани нь 2021 оноос ISO 14001:2015 стандартын дагуу үйл ажиллагаандаа Байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, 2022 онд Австрали улсад төвтэй TQCS International байгууллагын баталгаажуулалтын аудитад хамрагдаж тэнцсэн байна. Ингэснээр, тус компани олон улсын JAS-ANZ байгууллагын итгэмжлэлтэй, ISO 14001:2015 стандартын баталгаажуулалтын гэрчилгээг эзэмшиж, байгууллагынхаа нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг сонирхогч талууддаа уриалан манлайлах үүрэг амлалтаа биелүүлж байгаа аж. Мөн Монгол Улсынхаа хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлж, олон улсын сайн туршлагын арга, аргачлалуудыг нэвтрүүлэн, хүрээлэн буй орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулах эрхэм зорилгыг цаашид ч тогтвортой хэрэгжүүлж ажиллахаа тус компанийнхан илэрхийллээ.

Дашрамд онцлоход, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, балансын бус овоолгыг өндөр технологиор боловсруулан цэвэр зэс үйлдвэрлэн экспортонд гаргаж, улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулж байгааг сайшаан талархал илэрхийлжээ.