“Чингис хаан” нисэх буудлын анхны нислэгийн нэг жилийн ой тохиолоо

ДЭД БҮТЭЦ

Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтын нэг Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг “Чингис хаан” Олон улсын нисэх буудал анхны нислэг хийсний нэг жилийн ой тохиолоо. Одоогоос жилийн тэртээд буюу 2022 оны долдугаар сарын 04-ний өдөр шинэ нисэх буудлын анхны нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн ОМ501 аяллын дугаартай, Boeing 737-800 агаарын хөлөг Япон улсын Токио хотын “Нарита” Олон улсын нисэх буудлын чиглэлд амжилттай нислэг үйлдсэн юм. Хилийн цэргийн 0218 дугаар ангийн бие бүрэлдэхүүн нь жилийн хугацаанд хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай биелүүлж 155 орны 299.622 зорчигч, 36 орны 3583 тээврийн хэрэгслийг улсын хилээр зохих журмын дагуу шалган нэвтрүүлсэн. Үүнээс баримт бичгийн шалгалтаар илэрсэн таван удаагийн 20 зөрчил, Монгол Улсын хилээр гарахыг түтгэлзүүлсэн 191 иргэн, хил нэвтрэх эрхийн баримт бичгийн долоон төрлийн 1552 зөрчлийг тус тус илрүүлэн холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн амжилтаар нэг жилийн ойг угтаж байна. Нэг жилийн ой тохиож байгаа энэ өдөр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан “Буянт ухаа” Олон улсын нисэх буудалд Истанбул-Улаанбаатар чиглэлийн OM162 дугаартай аяллын онгоц газардсан онцлог үйл явдал боллоо.