МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр Ө.Отгонбаатар сонгогдов

БОДЛОГО

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн  ээлжит XVIII их хурлаас дараагийн дөрвөн  жил удирдах  ерөнхийлөгчөө сонгох учиртай. Ингээд өчигдөр /2022.07.06/ МСНЭ  ээлжит их хурлаа хийв. МСНЭ-ийн  ээлжит хурлаар  байгууллагын үйл ажиллагааг дүгнэж, хийж хэрэгжүүлсэн ажил, алдаа оноогоо хэлэлцлээ. МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн гурван хүн байсан. Тодруулбал,  нэр дэвшсэн УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц, NTV телевизийн ахлах редактор М.Батхишиг, ТВ-5 телевизийн продюссер Ө.Отгонбаатар нар юм. Тэднээс МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр Ө.Отгонбаатар 53.1 хувийн саналаар сонгогдов. Санал хураалтаар Л.Нинжжамц 85, М.Батхишиг 38 төлөөлөгчийн санал авчээ. МСНЭ-ийн хуралд санал өгөх эрхтэй 256 гишүүн сонгогджээ. Хурал эхлэхдээ 81 хувийн ирцтэй эхэлсэн байна. МСНЭ-ийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ө.Отгонбаатар "Ирэх дөрвөн  жил, найман жилийн ажил хийж гүйцэтгэнэ. Итгэлийг зүтгэлээр хариулна. Хамт өрсөлдсөн хоёр эрхмээ удирдлагын багтаа урьж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.