ИНГЭЭД БАЙВАЛ 400 САЯ ЖУУЛЧИН ИРЭХ ҮҮ

БОДЛОГО

60 мөр

Монгол наадам эхлэх гэж байгаа энэ хэдэн өдөрт хамгийн их ажилтай газар бол Шадар сайд С.Амарсайхан даргатай Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс. Барилдах бөхчүүдээ бүртгэхээс эхлүүлээд л, дутаж цөөдвөл хаанаас нөхөх, хурдан морьдоо бүртгэх, сурын харваагаа эртнээс эхлүүлэх гээд салбар комиссууд нь түмэн завгүй байгаа. Дээр нь баяр наадмыг сурвалжлах сэтгүүлч сурвалжлагчид үнэмлэх мандатыг цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн талбай, Хүй долоон худагт гээд ялгавартай олгох, машин тэргийг нь хэрхэх, хаана байрлуулах гээд шийдэх, шийдвэрлэх асуудал мундахгүй.

Харин Үндэсний баяр наадам зохион байгуулах комисс, дотоодын сэтгүүлч сурвалжлагчид мандатаа 25 мянган төгрөг, гадаадын сэтгүүлч сурвалжлагчид 100 ам доллараар худалдана гэжээ.

За яахав цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх, индрийн өмнө зассан тусгай талбарт байрлаж нээлтийн ёслол, бөхийн барилдааныг хамгийн ойроос харах гэсэн хүмүүст мэдээж мөнгөөр худалдалгүй яахав. Тэртэй тэргүй наадамчин олноо хувь хүний цэнгэлдэх хүрээлэнд оруулахдаа мөнгө төгрөгөөр тасалбартай оруулдаг юм чинь.

Харин манайханд, төр засгаас эхлүүлээд хувийн хэвшлийнхэнд ч байдаг нэг муухай  араншин нь  гадаад хүн л бол халаас, цүнх дүүрэн доллартай явдаг хэмээн ойлгодог энэ хэрээрээ гадаад хүн л харагдвал тэн бангүй доллар нэхээд сурчихсан. Замын дэргэдэх жижигхэн цайны газар ч яг л ийм байдлаар хандана.

Гэхдээ бас юманд учир, суманд гичир гэдэг шиг, юм бүхэн адилгүй. Магадгүй жирийн нэг жуулчин монголчуудын үндэсний их баяр наадам гэдэг нь ямар юм байдаг юм гээд орж байгаа бол бас яахав. Тэр зургийн апапарт, гар утсаараа авсан хэдэн зургаа гэр бүлийнхэндээ, сайндаа найз нөхөддөө  түгээж манайхны “домгийн шувуу үргээдэг монгол наадмыг” үзсэнээ гайхуулна.

Сэтгүүлч, сурвалжлагчид бол өөр. Тэд бол ардаа өөр өөрийн  хэвлэл мэдээллийн талбартай, тэр нь манайх шиг ердөө гурван сая гаруйхан хүн амтай улсын 4-5 мянган захиалагчтай сонин, сайндаа 5-10 мянган уншигчтай сайт биш, хэдэн зуун мянган уншигчтай сонин, бараг саяар тоолох хандалттай сайт, ФБ хуудастай хүмүүс.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүсч мөрөөдөж, урьж залаад байгаа 400 сая жуулчныг монгол руу татах улс чинь энэ л бидний “гадаад” хэмээн ад үзэж өндөр үнээр шахаад байгаа хэдэн сэтгүүлч сурвалжлагч байлтай билээ. Тэд чинь л бидний  өнөө их гайхуулаад байдаг монгол наадам гэдэг чинь ийм юм байдаг юм байна, энэ нь гоё, тэр нь сайхан гэж өөр өөрийн хэвлэл сонин, сайт,телевизээрээ сурталчилж үүнийг үзээгүй нутгийн олныхоо  шүлсийг гоожуулах юм биш үү. Ингэж гэмээнэ ирэх жил монголд ирэх жуулчны тоо тав арваар, магадгүй хэдэн зуугаар нэмэгдэх ч юм билүү.

Манай төрийн албаныхан алив арга хэмжээ зохион байгуулахдаа “яавал энэ дундаас хэдэн төгрөг саачих вэ” гэж мөнгө авч сурчихаад  гадаад хүн харахаараа нүдэнд нь  заавал “доллар” харагдаад ахиухан юм унагах гэж улайраад байдаг нь 400 сая жуулчин хүлээн авч, төрсөн нутагтаа байгуулсан өөрийнхөө хөшөөг үзүүлэх гэсэн Ерөнхий сайдынхаа эсрэг л яваад байгаа юм шиг санагдах нь юу вэ.

Монголын хэдэн сониныг гадаадын  хэвлэлүүд тоож харахгүй, тэгээд ч гадаад сурталчилглааны ганц МОНЦАМЭ агентлагаа татан буулгачихсан болохоор монголыг гадаад ертөнцөд хэн сурталчлах вэ. Гаднаас ирж байгаа сэтгүүлч сурвалжлагчид л биз дээ...

Баяр наадмын комисс чинь төсвийн 2,3 тэрбум төгрөгөөр наадаж хангалттай их мөнгө унагаж байгаа биз дээ......Өнөө домгийн шувуу үргээсэн монгол наадмыг сурвалжилж сурталчлах гэсэн хэдэн сэтгүүлч сурвалжлагч, ялангуяа гадаадын сэтгүүлчдээс мөнгө саах гэдгээ болимоор юм биш үү. Ингээд байвал энэ наадмын чинь тухай мэдээлэл олон улсад түгэж, дараа дараагийн наадамд гадаадын жуулчид ирэх үү.