Б.Асхар: Манайх эцсийн бүтээгдэхүүнээс бас нэг эцсийн бүтээгдэхүүн гаргаж буй цэвэр металлургийн үйлдвэр

ТЕХНОЛОГИ

 Сарын өмнө нээлтээ хийсэн Металлургийн үйлдвэрийн захирал Б.Асхартай үйлдвэрийнх нь цехэд ярилцсанаа уншигч танд хүргэе. Бидний төсөөлөл газар дээрээ 360 хэм эргэсэн гэдгийг уншигч танаас нуугаад яах билээ.

-Юуны өмнө танай хамт олонд баяр хүргэе. Металлургийн үйлдвэр гэхээр хөгжингүй орнууд л санаанд буух нь бий. Гэтэл буурай орны тоонд багтдаг Монгол Улс нутаг зэсийн үйлдвэртэй боллоо?

-Дэлхийн хөгжингүй 20-30 оронд байдаг үйлдвэрийг монгол хүн  санаачилж, хөрөнгө  оруулалт хийн  эх орондоо байгуулж чадлаа. Хувьцаа эзэмшигчиддээ, хөрөнгө оруулагчиддаа баярлалаа хэмээн хүндэтгэлтэйгээр хэлэхийг хүсч байна.   Бидэнд хийх ажил маш их байна.   Нээлтийн үйл ажиллагаа бол зөвхөн эхлэл. Урт холын аялал  биднийг хүлээж буй. Улс  эх орондоо тустай,  нийгэм эдийн засагтаа хувь нэмэр оруулсан хамт олон байхын төлөө  хичээн  ажиллах болно оо.

-Аж ахуйн нэгжийг удирдаж яваа хүнд үйлдвэрээ хэрхэн яаж, эдийн засгийн  үр ашигтай ажиллуулах вэ гэх асуудал нэг талаар толгойн “өвчин” байдаг. Таны хэрэгжүүлэх  менежментийг сонирхвол?

-Тэгэлгүй яах вэ.  Өрсөлдөөнтэй зах зээлд  манай бүтээгдэхүүн  юугаараа ялгарах вэ гэх асуудал  бидний /2,36/   стратеги, бизнесийн  төлөвлөгөөний оршил нь  байсан.Хятад, Энэтхэг, Япон, Солонгост ийм төрлийн үйлдвэрүүд бий.   Азийн энэ орнууд бидний  хамгийн том өрсөлдөгчид.  Бид тэднээс  юугаараа ялгарч байна вэ гэвэл Европын дэвшилтэт  технологийг Монголд нутагшуулсан явдал. Бидний зорилго анхнаасаа ийм  байсан.   Тавьсан зорилгынхоо ард нь гарч чадсан. Манай бүх  тоног төхөөрөмж  Англи, Герман улсынх. Угсралт болон туршилтын үйлдвэрлэлийн явцад зарим төхөөрөмжийн  үйл ажиллагааг сайжруулж,  хялбаршуулсан. Маркетинг, зар сурталчилгаагаа ч  идэвхжүүлсэн.  Хятад, Тайвань, Солонгосын худалдан авагчид манайд хандан  бүтээгдэхүүнийхээ  дээжээс  ирүүлэх хүсэлт тавьсны  дагуу  дээжээ явуулсан. Энэ бүхэн цаасан дээрх төсөөлөл байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр бүтээгдэхүүнээ худалдах тухай ярьж сууна. Гайхалтай.

-Нунтаг зэсийн  хувьд дэлхийн чанар стандарт ямар байдаг бол. Та бүхний зах зээлд нийлүүлэх нунтаг зэсний   чанарын тухайд юу хэлэх вэ.  Монголчуудад туршлага байхгүй учраас эхний удаад  дөхүүлсэн хэрэг үү?

-Стандарт шаардлагын тухайд  лабораторийн шинжилгээний хариу бүхнийг хэлээд өгнө. Манай лаборатори дэлхийн чанар, стандартын шаардлагыг хангахуйц тоног төхөөрөмжтэй. Манай  нутаг зэс харьцангуй нягт.   Зах зээлд нягтаршлын хэмжээ маш чухал.  Жижиг ширхэгтэй  байх тусам сайн.  Мөн нунтгийн хэлбэр дүрсээс ихээхэн хамаарна.  Эдгээр гурван үзүүлэлтээр нунтгийн чанар тодорхойлогддог.  Усаар атомжуулсан металл төмөрлөгийг пресслэх болон машины тоног төхөөрөмжийн эд анги хийх зах зээлд  хэвийн бус хэлбэр дүрстэй байх нь давуу тал гэж үздэг. Энэ  бүхнийг  лабораторийн шинжилгээгээр хийж үзэхэд манай бүтээгдэхүүн дэлхийн стандартыг хангаад зогсохгүй яг БНХАУ-д шаардагдаж байгаа шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадаж  байгаа. Англи, Хятад дахь  байгаа үйлдвэрүүд лабораторигүй. Гаргасан бүтээгдэхүүнээ лабораторийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад дээжээ өгч тухайн байгууллага нь бүх төрлөөр  тестэлж  өгдөг. Манайд  байгаа шиг ийм хүчин чадалтай  нунтаг төмөрлөгийг шинжилдэг  лабораторгүй  учраас бидэнд  анхнаасаа л лабораторитой байх нөхцөл  шаардлага үүссэн.  Үүнээс гадна орчин үеийн бүх нөхцлийг хангасан тоног төхөөрөмжийг суурилуулсан төдийгүй  түүн дээр ажиллах  мэргэжлийн  боловсон хүчнийг ч  Англи улсад сургаж,  бэлтгэсэн.

-Дэлхийн стандартыг хангахуйц лабораторитой болох  нь төслийн бас нэг үр дүн байх?

-Ер нь үйлдвэртээ их анхаарал хандуулсан ч лаборатори маань ч маш их хөдөлмөр,  нарийн ур ухаан шаардсан ажил байсан. Ковидын жилүүдэд үйлдвэрийн тоног төхөөрөмж угсралтын ажил саатсан хэдий ч лабораторийн тоног төхөөрөмж нь өөрөө иж бүрэн компьютер дээр ажиллах зүйлүүд учраас үйлдвэрийн нарийн угсралтаас харьцангуй хялбар байсан. Гэхдээ нөгөө талаар маш их мэдлэг шаардсан, оюуны ажил байсан. Ковидын нөхцөл байдлын үед хүмүүс маань тоног төхөөрөмжөө судлах, ойлгох, түүнийгээ турших ажлуудыг хийж байсан. Нөгөө талаар үйлдвэрийн бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжийн угсралт дээр англи, герман мэргэжилтнүүдтэйгээ хоёр хоногт нэг удаа байнга видео уулзалт хийгээд түүн дээрээ үйлдвэрээ нэг см-ийг нь  ч үлдээлгүй 3D зураглал гаргаж ирсэн. Хөл хорио дуусангуут юу хийх ёстой, юуг  яаж холбох  ёстойг маш сайн мэдэж байсан. Тиймээс ч угсралтын ажил маш хурдан явагдсан. Угсралтын ажил дууссан ч гэсэн бидний өмнө маш их ажил байна. Технологийн туршид тохируулга маань атомжуулалтын хэсэг дээр дууссан ч гэсэн хатаалга, савлах, холих хэсэг дээр горимын тохиргоо хийх шаардлагатай байсан.

-Ерөнхий сайд, ирсэн зочдын  “Монголоос хөрөнгө оруулагчид нэг үе  зугтааж байлаа” гэж хэлсэн үгэнд олон хүн толгой дохиж байгаа харагдсан.  Олон улсын банк   ямар итгэл үнэмшил дээр тулгуурлаж та бүхэнд   зээл олгож болох юм  гэх дүгнэлтэд хүрсэн нь уншигчдад сонин байж мэднэ?

-Төслийн санхүүжилт, зээлийг босгох үйл явц санаан зоргоор шийдэх асуудал байгаагүйг нуугаад яах билээ.   Амаргүй байгаагүй.  Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр эрсдэлтэйд тооцогддог.  Зээл олгож болох юм гэх саналыг Английн, Германы олон улсын санхүүгийн байгууллага урьдчилсан байдлаар  өгч байсан боловч зээлийн нөхцөл нь маш хатуу байсан.  Гэхдээ  бидэнд аз тохиосон.  Зүүн Европын орнууд голдуу байдаг Олон улсын хөрөнгө оруулалтын банк манай төслийг нааштайгаар шийдвэрлэж, биднийг дэмжих шийдвэр гаргасан. Яагаад бидэнд итгэл үзүүлэх болов гэх тухайд  хамгийн гол хүчин зүйл нь манай хувьцаа эзэмшигч П.Цагаан захирлын  нэр хүнд  байсан болов уу гэж бодож байна. Энэ эрхэм нэг  ажил эхлүүлсэн л бол  заавал амжилттайгаар  дуусгадаг зантай хүн. Түүний бизнесийн  түүхийг тухайн улс орнууд маш сайн сайн мэддэг учраас итгэл хүлээлгэсэн хэрэг.  Дээр нь  бидний бэлтгэсэн баримт бичиг, төслийн үзэл баримтлал,  зээл хүсэх үеийн  бүтээн байгуулалтын ажил 50 хувьтай байсан зэрэг нь  хөрөнгө оруулагчдад таалагдсан. Тодруулбал,   эрсдэлийнхээ нэлээд хувийг ардаа хийсэн гэж тооцон, харьцангуй гайгүй гэх дүгнэлтийг  банкны зүгээс хийсэн болов уу.

-Зээл олгосноос хойш   өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчид болон банкны зүгээс хичнээн удаа шалгалт хийв?

-Улирал тутамд  төслийн үйл явцын болон санхүүгийн тайлангаа  явуулсаар ирсэн. Шаардлагатай гэж үзсэн үедээ  банкны төлөөлөгч ирж шалгалт хийдэг байсан. Цар тахлын улмаас ажил төлөвлөгөөний дагуу явахгүй удаашрах,  тээвэр ложистик гацсан, эсвэл  тоног төхөөрөмж нийлүүлэх үүрэг бүхий  компаниуд  нь ажиллахгүй байх гэх мэт биднээс үл шалтгаалах  бэрхшээлүүд гарч байсан. Мөн зээлийн хугацааг нэгээс хоёр удаа сунгасан тохиолдол ч бий.   Энэ бүхнийг банк маань  дэлхий нийтийг хамарсан  давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн асуудал гэдгийг  ойлгож байсанд талархах ёстой.  Нөгөө талаар давагдашгүй хүчин зүйл гээд бид зүгээр суугаагүй, чадлаараа хичээн  ажилласнаараа  хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчиддээ итгэл төрүүлж чадсан гэж бодож байна.

-Зэсээс  гадна бүх төрлийн металлыг нунтаглаж болох юм байна гэдгийг харлаа?

-Ер нь бол цахилгаан индукцийн зууханд бүх төрлийн металлыг хайлуулж  нунтаг болгох боломжтой. Металлууд физикийн түвшинд хайлах температур нь өөр өөр. Тухайлбал зэс-1080, төмөр- 1200  градусын температурт  хайлах жишээтэй.Тэгэхээр индукцийн зуухны температурыг тохируулах л асуудал. Мэдээж зуухнаас гадна бусад атомжуулалт болон хатаах процесс дээр ч тохируулга хийх хэрэгтэй. Захиалга, сонирхлоос хамаарч өөр төрлийн бүтээгдэхүүнийг  ч туршиж болно. Түүнчлэн зэсийг өөр металлтай хольж хүрэл, гууль гарган авч болно.  Жишээн нь 80 хувийн зэс, 20 хувийн цайрын агуулгатай нунтаг нь гууль болно. Хүрэл нь цагаан тугалга болон зэсийн хайлш юм. Үүнийг бид  үйлдвэрлэх боломжтой бөгөөд дараагийн  төлөвлөгөөнд орсон байгаа. Энэ нь зэс суурьтай бүтээгдэхүүн учраас маш хялбар, үйлдвэрт байгаа таван шигшигчээс гурав нь зэсийнх, нэг нь гуулийнх, нэг нь хүрлийнх гэж байгаа. Яагаад хүрэл, гууль гэж.   Энэ үнэхээр сонирхолтой. Цайр  Лондонгийн металлын бирж дээрх үнээр бол зэсээс хамаагүй хямд үнэтэй, бүтээгдэхүүнийхээ жингийн 20 хувийг цайр эзлээд гууль бүхий  нунтаг зарлаа гэхэд бараг зэс нунтагтайгаа ойролцоо үнэтэй зарагдана. Ингэхээр материалын өртгөөс ашгийн марктингийг  нэмэгдүүлж байна гэсэн үг. Харин хүрэл бол түүний эсрэг.  Багахан хэмжээний цагаан тугалга зэс дээр  хийгээд л гүйцээ.   Тэгсэн мөртөө  зэс нунтгаас  хамаагүй өндөр үнэлгээтэй. Гууль дээр хэмнэлт байсан бол хүрэл дээр бүр илүү их марктинг  хийх боломж байдаг. Материалын гадаргуунуудыг цацлагын технологиор бүрээд гоо сайхны ч юм уу, ялангуяа цар тахалтай энэ үед зэс, хүрэл, гууль гадаргуутай хийхэд вирус тогтохгүй гэдэг үүднээс ийм хэрэглээ барилгын материалын салбарт нэлээн түгсэн.

-Бид металлургийн үйлдвэр  гэхээр л маш том талбай эзэлсэн, утаа уур болсон нөхцлийг төсөөлж байсан.  Гэтэл  бага талбайд хэдэн суурь машин л ажиллаж байна. Дуу чимээ ч багатай,  орчин нь маш цэвэрхэн. Энэ  хүнд үйлдвэрийн мэдээж хөгжил дээд түвшиндээ хүрч байгаагийн илэрхийлэл байх. Үйлдвэрлэл өргөжөөд өөр төрлийн металлыг хайлуулах болоход үүнтэй адилхан технологийг нэвтрүүлж чадах уу?

-Зэс дээр суурилсан хүрэл, гууль бол нэг төрөл.  харин ган  арай өөр.  Магадгүй өнөөгийн хайлуулах зуух дээр өөр төрлийн нэмэлт хайлуулах зуух, нэг дамжлага  нэмэх шаардлага байхыг үгүйсгэхгүй. Одоогийн зуухыг онолын болон практикийн хувьд ашиглаж болно. Нөгөө талаараа ашиглахгүй байх бас нэг шалтгаан  бий. Юу гэхээр зэс хайлуулаад нунтаг зэсээ  зөөсөн тэр дамжлагыг  хичнээн цэвэрлэсэн ч гэсэн  үлдэц нь байж байдаг. Ган хайлууллаа гэхэд гарч ирсэн бүтээгдэхүүн нь өмнөх зэс дамжлагатай  холилдоно гэсэн үг. Тэгэхээр худалдан авагчийн хүссэн зүйл биш байж таарна. Эрсдэл нь ийм  учраас нэг дамжлага нэмж таарна.Ийм  судалгаа, тооцоог хийсэн. Зэс суурьтай бүтээгдэхүүний хувьд асуудалгүй. Ямар ч үйлдвэрт дуу чимээ байдаг. Манай үйлдвэрийн  хувьд нэлээд олон хоног ажиллаж байна.Дуу чимээ ихтэй байна гэсэн гомдол ирээгүй. Байшингийн дуу тусгаарлалтыг анхнаас нь  тооцож хийсэн. Утаа тортог, уур манан  байхгүй. Харин жаахан  халуун байж мэднэ. Түүн дээрээ анхаарч ажиллаж байна.

-Өндөр температурын зуухыг юугаар ажиллуулдаг вэ?

-Цахилгаан индукцийн зуух цахилгаанаар ажиллана. Бүгд цахилгаан суурьтай, тоног төхөөрөмж нь бүгд “Schneider” брэндийнх. Цахилгаан тоноглол  дээрээ онцгой их анхаарсан. Үнэ ханшаа бодоод танигдаагүй төхөөрөмж, тоноглол авч болох  ч хэрвээ тэгсэн бол өнөөдрийнх шиг амжилттай болох байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Ер нь л цогц систем байдлаар суулгасан. Бидний хийсэн анхны  тооцооллоор бүх төхөөрөмж зэрэг ажиллаж байхад 800 квт цахилгаан хэрэглэнэ гэж гарч байсан. Гэтэл өнөөдөр төхөөрөмжүүдийн дийлэнх нь ажиллаж байхад цахилгааны хэрэглээ 400 квт байна. Үүнээс харахад цахилгааны хувьд ч хэмнэлттэй, үр ашигтай үйлдвэрлэл явагдаж байна гэж үзэж байна.

-Туршилтын явцад гадагшаа санал болгох бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн л байх. Ер нь наашаа эргэсэн эерэг хандлага, урсгал гарч байна уу?

-Одоогоор Хятад, Тайвань,Солонгост бүтээгдэхүүнийхээ дээжээс явуулсан, маш их сонирхож байна. Эхлээд граммлаж авсан бол одоо кг-аар захиалах болсон.  Нэлээн нарийн шинжилгээ хийж байгаа юм болов уу даа. Зах зээлийн дүрмээр хязгаарлагдмал, цөөн үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэгч нь цөөн байдаг зах зээлтэй. Тэгэхээр  яг танигдсан компаниудаар дамжиж,эцсийн худалдан авалт хийх хүсэх байх.   Энэ асуудал дээр манай үйлдвэрийн процессыг удирдсан англи инженер  Марк Шан хамтарч ажиллаж байгаа. Герман талын төслийн хамтрагч маань мөн жилд 300 тн зэсийг өөрөө худалдаж аваад үлдсэнийг нь дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг  борлуулалтын агентуудаараа дамжуулан борлуулах гэрээний зохицуулалт хийгдсэн.

-Та бүхэн хүсч байгаа хэмжээндээ хүртэл ажиллая гэхэд хууль, эрх зүйн орчноос шалтгаалах зүйл гарч байна уу?

-Хууль, эрхзүй дотроо татварын талаас нь ярих нь зөв байх. Ихэнх үйлдвэр хөгжсөн орон яадаг вэ гэхээр түүхий эдийг гаалийн тарифгүй  шахам импортолж оруулж ирээд түүнийгээ олон дахин  боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гаргадаг. Харин гаалийн татвар өндөр ногдуулж буй бараа бүтээгдэхүүн нь эцсийн бүтээгдэхүүн байдаг.  Түүхий эд нь үнэгүй шахам байдаг.Манай баяжмал, нүүрс Хятад руу тэр л зарчмаар гардаг.  Улсын татварын тарифын зохицуулалтыг харахаар ерөөсөө л аж үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн, түүхий эд нь нэг жигд тарифтай. Энэ маань өөрөө нэг талдаа манай хувьд суутгал болж ирж байна. Монгол Улсад  хайлуулах үйлдвэр байхгүй шахам  учраас цагаан тугалга, цайрыг гаднаас авах шаардлагатай болдог. Импортоор оруулж ирэхэд 5-10 хувийн гаалийн татвартай.  Энэ бол түүхий эд дээр өндөр тариф. Хятадад 1-2 хувьтай.  Түүхий эд орж ирэхэд тарифын үнэ дээр анхаараад металл ашиглаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрийн төслүүдээ  дэмжих нь зөв болов уу. Түүнээс өөрөөр хууль, эрхзүйн  тал дээр бэрхшээл ажиглагдаагүй. Харин сүүлийн жилүүдэд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”, Аж үйлдвэрээ дэмжих бодлогын хүрээнд ААН-үүдээ дэмжиж байгаа бодлогыг нааштайгаар хүлээж авч байгаа.

Овоолгоос катодын зэс үйлдвэрлэж буй Ачит-Ихт, Эрдмин, өөр бас хоёр үйлдвэр бий. Катодын зэс гэдэг  нь бараг 100 хувийн агуулгатай эцсийн бүтээгдэхүүн юм. Бид тэдний  эцсийн бүтээгдэхүүнээс бас нэг эцсийн бүтээгдэхүүн гаргаж авч байгаа цэвэр металлургийн үйлдвэр. Чанарын хувьд ямар ч асуудалгүй. Үйлдвэрийн процесст усны даралт нь өндөр байх тусам нунтгийн ширхэглэл нь өөр өөр гарч, ширхэглэл нь маш бага нано фракцтай гарч  ирдэг. Энэ нунтаг маань өөрөө электрон компьютер,  гар утас, нарийн технологийн төхөөрөмжүүд дээр их ордог. Нэг их биш, дундаж 100 барын даралт өгөхөд л манай бүтээгдэхүүн их нарийн ширхэглэлтэй  гарч ирсэн.  Бидний хэрэглэж байгаа суурь материал маш  сайн байна гэсэн үг.  Хамгийн эхэнд хаягдлаар биш катодын зэсээр үйлдвэрээ эхлүүлж байгаа,  материал нь сайн байна. Борлуулалт жигдрээд, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа бүр илүү сайн горимоо олоод ирэхээр хаягдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн зорилттой энэ чиглэлээр судалгаа, туршилт хийсэн.

-Та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье

-Та  бүхэнд бидний ажлыг дэмжиж уншигч олонд танилцуулж байгаад  баярлалаа.