Энэ оны эхний долоон сарын байдлаар хүнсний барааны үнийн өсөлт 21.5 хувьтай буюу хамгийн өндөр байна

ДЭД БҮТЭЦ

2022 оны эхний долоон сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа  өчигдөр танилцууллаа.

Тэрбээр " Манай улсын инфляц 2022 оны долдугаар сард 15.7 хувь гарсанд 6.3 нэгж буюу 40.1 хувиар хүнсний бүлэг нөлөөлсөн байна . 2022 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 1.9 хувийн өсөлттэй гарсан. Үүнд хөрөнгийн нийт хуримтлал нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Түүнчлэн ийнхүү өсөлттэй гарахад хөдөө аж ахуйн салбар 1.8 нэгж хувиар нэмэгдсэн нь нөлөө үзүүллээ. ДНБ-ийн 2021 оны хагас жилийн өсөлтөд уул уурхай, үйлчилгээний салбар, бүтээгдэхүүний цэвэр татвар голлон нөлөөлж байсан бол 2022 оныход хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын өсөлт голлон нөлөөлсөн.  Түүнчлэн манай улсад ажилгүйдлийн түвшин энэ оны нэгдүгээр улиралд 8.5 хувьтай байсан бол хоёрдугаар улирлын байдлаар 7.8 хувь болж буурсан. Ажилгүйдлийн түвшин буурахад нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн тоо гол нөлөөг үзүүллээ.

Өнгөрсөн онтой харьцуулбал цар тахлын хөл хорио тавигдсан бөгөөд хөдөлмөр ихээр шингээдэг зарим салбар сэргэлттэй байсан нь нөлөө үзүүлсэн. Тухайлбал, үйлчилгээний салбарт ажиллагчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 мянгаар нэмэгдсэн.  Ажиллагчид 1.2 сая болж, өмнөх оны мөн үеэс 59.2 (5.4%) мянгаар, өмнөх улирлаас 36.4 (3.2%) мянгаар өссөн. Ажиллах хүчний оролцооны түвшин 59.3 хувь болж, өмнөх улирлаас 1.3 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 2.5 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Үүний зэрэгцээ   нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (0.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 60.2 (5%) мянган төгрөгөөр буурчээ. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 66.9 (19.3%) мянган төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлсэн аж.  Сүүлийн нэг жилд хүнсний үнэ 83 хувиар өсжээ. Төмс, цагаан будааны үнэ хамгийн өндөр хувиар өсжээ.

Импортын барааны үнийн өсөлт 54 хувиар өссөн байна. Үүнд дэлхийн зах зээлд шатахууны үнэ өссөн нь нөлөөлжээ. Энэ бүлгийн үнэ сүүлийн нэг жилд 39 хувиар өссөн байна.   Уул уурхайн орлогын нөлөөгөөр улсын төсвийн орлого 1  их наяд төгрөгөөр өсжээ. Гэвч улсын төсвийн зардал мөн тэр хэмжээгээр өсөж, төсвийн тэнцэл 700 орчим тэрбум төгрөг байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 1.9 хувиар өссөнөөс 1.8 хувийг ХАА-н салбарын өсөлт  эзэлсэн байна. Үүнд малын хорогдол 90 хувиар буурсан, төл бойжилтын үр дүн нөлөөлжээ. Үйлчилгээ, худалдааны салбар ДНБ-ийг өсгөхөд хувь нэмэр оруулжээ. Харин уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтөд -0.7 хувь буюу сөрөг нөлөө үзүүлжээ.  Гадаад худалдаа сүүлийн нэг жилд 1.7 тэрбум ам.доллараар, импорт 924 сая ам.доллараар нэмэгджээ. Энэ оны эхний долоон сард гадаад худалдааны тэнцэл 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Үүнд нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс өссөн нь нөлөөлжээ. Одоогоор манай улс 11 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оныхоос 700 мянган тонноор илүү байна. Харин төмрийн хүдэр (2 дахин), газрын тосны экспорт (80 хувиар) буурчээ.   Төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. Учир нь урсгал данс, бараа үйлчилгээний анхдагч данс 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Импортын төлбөр, манай иргэд гадагшаа аялж жуулчилсан,  гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын ашиг нэмэгдсэн нь үйлчилгээний урсгал дансны алдагдалд нөлөөлжээ. Харин санхүүгийн данс гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр 300 сая ам.доллараар өссөн байна.   

Өрхийн бодит орлого сүүлийн нэг жилд 0.8 хувиар буурсан нь үнийн өсөлттэй холбоотой. Мөн өнгөрсөн онд иргэн бүрд 300 мянган төгрөг, вакцины урамшуулал 50 мянган төгрөг олгож, энэ онд олгоогүй.  "Хүнсний барааны үнийн өсөлт 21.5 хувьтай буюу хамгийн өндөр байна" гэв.