Эдийн засгийн хямралаас улс төр, засаглалын хямрал орох уу

БОДЛОГО

Өнгөрсөн хавар Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах асуудал өрнөж иргэд, олон нийт, УИХ-ын гишүүд, улс төрчдийг  талцсан маргаанд хүргэсэн. Гэхдээ Үндсэн хуульд гар хүрэхийг ерөнхийдөө дэмжээгүй дүр зураг ажиглагдаж байсан гэхэд хилсдэхгүй. Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатууд, улс төр судлаачид Үндсэн хуульд дахин гарах хүрэх гэж буй санаархал нь зөвхөн “Давхар дээл өмсөх” буюу эрх мэдлийн төлөөх асуудал хэмээн тодорхойлоод буй юм. Учир нь Үндсэн хуульд Засгийн газарт Ерөнхий сайдаас гадна УИХ-ын дөрвөн гишүүн сайдын суудалд суух боломжтой хэмээн заасан. Харин өнөөдөр УИХ-аас Засгийн газраа бүрдүүлэх сонирхол эрх баригчдад бий. Зарим гишүүд ч сайд болох санаархалтай ил, далд гүйлдэж буй сураг ажиг ч гарсаар байгаа. Иймд Үндсэн хуульд давхар дээлийн асуудлыг “шургуулах” зайлшгүй шаардлага үүссэн нь нууц биш болоод байна. Үүний тулд эрх баригчид Үндсэн хуулийн Цэцийг “нохойд барьдаг саваа” шиг ашиглах арга сүвэгчилж хүссэн шийдвэрээ гаргуулж чадлаа. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаан зарлаад “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн ... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн”  гэж үзээд хүчингүй болгосон билээ. Энэ нь Үндсэн хуулийн  Цэц эрх мэдлээ хэтрүүлж хууль бус шийдвэр гаргасан гэдэг маргаан дагуулах болов.

Учир нь Үндсэн хуулийн зүйл заалтыг ямар ч субъект хүчингүй болгох хуульд заасан эрх байхгүй.  Харин нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх гагцхүү УИХ-д хуулиар олгогдсон юм. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц “УИХ-ын бүрэн эрхэд ноцтой халдаж, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэж, эрх зүйт төрийг ганхуулж, улмаар улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулсан үйлдэл боллоо” хэмээн зарим хуульч, УИХ-ын гишүүд үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн Цэц засаглалын хямрал руу түлхэж байна гэж хэлж болох аж. Эдийн засаг хүндэрч, иргэдийн орлого хумигдаж хэцүүхэн байгаа.

Ийм эмзэг  цаг үед Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэрээр эрх мэдэл, албан тушаалын сонирхол агуулсан үйлдэл нь бас нэгэн хямрал руу хөтөлж мэдэх нь.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга  Т.Аюурсайхан  “Улс эх орныхоо хувь заяагаар тоглохоо зогсооцгоо! Цэц шийдвэрээ хуульд нийцүүлж гаргах боломжтой байсан. Маргаан бүхий заалт нь Үндсэн хуулийн холбогдох зарим заалттай зөрчилдөж байгаа гэж Цэц үзэж, Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн нэгд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх боломжтой байсан.

УИХ баталж, Ерөнхийлөгч нотлон баталгаажуулсан Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэж, хүчингүй болгох хуульд заасан ямар ч боломж байхгүй. Үндсэн хуулийн дурын заалтыг, улмаар Үндсэн хуулийг хүчингүй болгох эрх ард түмний мандатгүй есөн  этгээдэд байхгүй.

Үндсэн хуулийн зүйл заалтыг ямар ч субъект хүчингүй болгох хуульд заасан эрх байхгүй, харин нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх гагцхүү УИХ-д хуулиар олгогдсон юм. Ард түмний мандат бүхий УИХ-ын 57-с доошгүй гишүүний бүрэн эрхэд субъектүүдын саналаар УИХ-аас томилогдсон 9 этгээд ноцтой халдсан үйлдэлд бид маш нухацтай хандаж, эрх зүйт төрийн суурь зарчмыг авран хамгаалах шаардлага тулгарч байна.   Үндсэн хуулийг чадамжгүй болгож, Үндсэн хуулийн хямрал руу явж байна” хэмээн  байр сууриа илэрхийлжээ.

Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарсны дараахан  УИХ-ын ээлжит бус чуулганыг  энэ сарын 22-26-нд зарлан хуралдуулах болсон. Гол асуудал нь өнөө давхар дээлээ шийдэж шинэ Засгийн газар байгуулах явдал гэж харагдаж байгаа. Бүр ирэх долоо хоногт шинэ Засгийн газар байгуулагдах мэдээлэл ч мэр сэр гараад эхлэв. Ингэж яаравчлах үндсэн шалтгаан нь УИХ-ын намрын чуулган эхлэхэд өргөн барих  ирэх оны төсвийн төслөөс өмнө бүх асуудлаа жин тан болгох явдал юм.

УИХ-ын гишүүд яагаад албан тушаалд шуналаа гэж дуудуулан дуудуулан Засгийн газарт  орж байгаа вэ гэдэг нь маш энгийн ойлголт. Ердөө л төсвийн ерөнхийлөн захирагч болохын тулд л ийм үйлдэл гаргаж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр  өөрөө төсвөө боловсруулж  тойргоо услах ашиг мөнгөө батлуулж авах сонирхол байлгүй л яахав. Тиймээс энэ бүгдийг нь хийлгэхийн, хийхийн тулд аль болох цаг алдалгүй томилж, шинэ  сайдуудыг төсөв дээр нь суулгана гэсэн үг.

Үүнээс гадна бас нэг бантан шиг асуудал дэгдэх магадлалтай. УИХ-ын гишүүн  Т.Доржханд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг тайлбарлахдаа “ Өнөөдөр УИХ-ын 76 гишүүнд  дөрвөн  сайд ногдож байсан. Тэгвэл одоо сайд нарын тоо нэмэгдэх юм бол  УИХ-ын гишүүдийн тоо бас нэмэгдэнэ” хэмээв. Энэ хууль эрх зүйн хувьд ямар ч үндэслэлгүй бөгөөд бас нэгэн ашиг сонирхол хэмээн харагдаж буй юм. эдгээр эрх мэдэл ашиг сонирхлын санаархлууд  Монгол Улсыг эдийн засгийн хямралаас улс төр, засаглалын хямралд татан оруулах нөхцөл үүсгээд байна.