Т.Ням-Очир: Нэгдүгээр ангийн буюу зургаан настнуудын бүртгэлийг E-Mongolia академитай хамтран улсын хэмжээнд цахимаар зохион байгуулна

БОДЛОГО

Жил бүр наймдугаар сар гараад л эцэг эхчүүд, хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа орохоор бужигнадаг. Тэр утгаараа энэ үйл явдал мөн л давтагдсаар. Хаа сайгүй хүүхдээ дагуулан яваа эцэг эхчүүд хөвөрнө. Жилийн жилд хүүхдийн цэцэрлэг сургуулийн элсэлт, анги танхимын хүрэлцээ, засвар үйлчилгээ,  дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл, ном дэвтэр гээд асуудал их. Жил ирэх бүр шинээр сургууль цэцэрлэгт элсэчдийн тоо нэмэгдсээр.  Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 750.661 хүүхэд суралцана. Мөн 12 дугаар ангийг 33 мянган хүүхэд төгсөж байгаа бол нэгдүгээр ангид 78 мянган сурагч элсэж байгаа юм байна. Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн элсэлт, бүртгэлийг  Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар(УБЕГ), Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ), Газрын Харилцаа, Геодези Зураг Зүйн Алба(ГХГЗЗА), Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам(ХНХЯ) дээр мэдээллийн сангуудыг нэгтгэн, хамтарч ажиллаж байгаа гэнэ. Энэ тухайд Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос  тодрууллаа.

-Энэ жилийн хувьд нэгдүгээр ангид болон цэцэрлэгт элсэгчдийн бүртгэлийг цахимаар хийхээр болсон тухайд яривал?

-Нэгдүгээр ангийн буюу зургаан настнуудын бүртгэлийг E-Mongolia академитай хамтран улсын хэмжээнд цахимаар зохион  байгуулна.  Зургаан настай хүүхдүүдийн урьдчилсан хуваарилалт сургууль бүрд хийгдсэн бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ны өдрийг хүртэл "И Монголиа" цахим системээр нэвтэрч баталгаажуулах юм.

Нэгдүгээр ангид элсэх хүүхдийг цахимаар бүртгүүлэх ЗААВАР:

-E-Mongolia  системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.

-Үйлчилгээ  цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.

-"Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.

-Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.

-Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна.  Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.

-Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм"  товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.

-“Бүртгэл амжилттай боллоо” гэх хариу мессеж авсан  хүүхдүүд анги хуваарилалтаа яаж мэдэх вэ?

-Энэ сарын 26-30-ны өдрүүдэд таны хүүхэд аль сургуулийн аль анги, бүлэгт хуваарилагдсаныг таны бүртгэлтэй утсанд мессеж илгээн мэдэгдэх юм. Хаягийн бүртгэл зөрчилгүй хүүхдүүд сургуульд дээр биечлэн очилгүйгээр интернетэд холбогдон хүсэлтээ баталгаажуулах боломжтой. Хүсэлт баталгаажсан хүүхдүүдийг сургуулийн зүгээс анги, бүлэгт нь хуваарилаад энэ мэдээллийг эцэг, эхчүүдэд хариу мэдэгдэнэ.

-Түүнчлэн иргэд ихээр хандан,  хүүхдээ сургах хүсэлтэй сургууль, цэцэрлэгүүд байдаг. Тэнд нөгөө л авлига, хээл хахуулийн асуудал яригддаг?

-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд ажиллаж байна. Ажлын хэсэг хамран сургах тойргийн дагуу хуваарилалт хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, зөвлөн туслах юм. Ингэхдээ иргэд хүүхдээ хамруулахаар хамгийн ихээр ханддаг 17 сургууль, 15 цэцэрлэг, төрийн өмчийн зургаан их сургуулийн үйл ажиллагааг онцгойлон анхаарах юм. Харъяалал биш ч хотын төвийн сургуульд хүүхдээ бүртгүүлэхийн тулд янз бүрийн асуудал гардаг.  Тухайлбал  худал гэрлэлт бүртгүүлэх, айлын үл хөдлөхийн гэрчилгээнд мөнгө өгөн нэрээ бичүүлэх зэрэг  тохиолдол ч гарсан.

- Нэгдүгээр ангид элсэн суралцах  75 мянган хүүхдийн бүртгэл, хуваарилалт ямар байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар мэдээллийн зөрчилгүй 45 мянган хүүхэд хамран сургах тойргийн дагуу сургуульд хуваарилагдсан. Харин 31 мянган хүүхдийнх хянагдаж байгаа. Түр түдгэлзүүлсэн 3138, бүртгэхээс татгалзсан 49 хүүхэд байна.

-Түр түдгэлзсэн гэхээр?

Янз бүрийн л шалтгаан байдаг. Тухайлбал ахынхаа хаягт хамт бүртгүүлдэг. Тэгсэн хэр нь тэр хаягтаа амьдрахгүй, хүүхдээ холоос зөөдөг. Ашиг сонирхлын зөрчил гаргаж, үнэ мөнгө тохирч, бусдын хаягт нэрээ нэмж бичүүлчхээд  дараа нь хасуулдаг. Бүр гэрлэлт бүртгүүлсэн тохиолдол ч байна. Хотын А цэгт буюу Их тойруу, Бага тойрогт  үйлчилгээний байгууллага, түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг компаниуд  тэнд хүүхэд амьдардаг мэтээр бүртгүүлдэг. Супер маркет үйл ажиллагаа явуулж байгаа хаягт л хүүхэд амьдардаг гэж худал бүртгүүлж, төөрөгдүүлэх үйлдэл гардаг. Тийм учраас үүнийг хянах ажил түр түдгэлзүүлсэн, бүртгэхээс татгалзсан гэсэн хоёр төлөвийн цаана явагдана.

-Сурах бичгийн хүрэлцээ, түгээлт ямар байгаа вэ?

-Бага ангийн сурах бичгийн түгээлт эхэлсэн. Нийслэлийн дүүргүүд болон аймгуудад сурах бичгийг түгээж байгаа бөгөөд наймдугаар сарын 25-н гэхэд алслагдсан сумдад сурах бичиг очсон байхаар төлөвлөсөн.Харин дунд, ахлах ангийн нөхөн хангалтын сурах бичгүүд есдүгээр сарын 15-н гэхэд сургуулиудад очсон байна. Энэ жилийн хувьд түрээсийн, нөхөн хангалтын сурах бичгүүдийг системд шилжүүлж байгаа. Ингэснээр хаана ямар сурах бичиг дутагдах вэ гэдэг нь системээр шийдэгдэхээр болсон. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн нь дутуу сурах бичиг захиалчхаад сар хүлээдэг асуудал энэ жил бүрэн шийдэгдэж байгаа. 760,000 хүүхдийн гар дээр байх сурах бичиг бүр кодтой тул хэн, ямар хугацаанд ашиглагдаж байгаа нь шууд харагдана. Иймд сурах бичиг дутагддаг асуудал арилна.

-Багш боловсон хүчний хүрэлцээний тухайд?

-Улсын хэмжээнд 2,962 багш дутагдана гэсэн албан ёсны статистик мэдээ гарсан. Үүний 1,398 нь нийслэл хотод дутагдах талаарх тооцоо судалгаа байдаг. Харин эсрэгээрээ боловсрол судлал болон багш мэргэжлээр 3,500 орчим оюутан залуус төгсөж, ажлын байранд гарч байна.

Гэхдээ төгсөж буй оюутнуудын дийлэнх хувь нь Улаанбаатар, төв суурин газруудад ажиллах сонирхолтой байна. Өөрөөр хэлбэл, бэлтгэгдсэн боловсон хүчин хөдөө орон нутаг руу явахгүй байгаа учраас орон нутагт ажиллах боломжийг бүрдүүлэх, цалин хөлс, дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой юм байна. Ингэснээр залуу багш нарыг зөв тархаан байршуулах боломжтой. Түүнчлэн гэнэтийн шилжилт хөдөлгөөнүүд нөлөөлж байна. Жишээ нь, Улаанбаатар хот руу гэнэт нүүж ирдэг. Улмаар орон нутагт нь ажлын байр сулардаг асуудал бий. Мөн цэцэрлэг, сургуулийн удирдлага солигдоход багш нар дагаад хөдөлгөөнд ордог асуудал ч нөлөөлдөг.  Одоогийн сургалт, төлөвлөгөөгөөр явбал 2030 онд Монгол Улсын ЕБС-ийн багшийн тоо ойролцоогоор 45 мянгад хүрнэ. Тэгэхээр багш бэлтгэх бодлоготой,  хөтөлбөр төлөвлөгөөг хэрхэн уялдуулах бодлого давхар яригдах ёстой.

-Цахимаар бүртгэл хийхэд “систем нь гацаад  байна” гэх яриа гадуур яригдаж байна?

-Нэгдүгээр ангийн сурагчдыг цахимаар бүртгэж эхлэхэд нэгэн зэрэг олон хандалт хийсэнтэй холбоотойгоор систем түр гацах тохиолдол бий. Эхний өдрүүдэд сургууль, цэцэрлэгийн бүртгэл хийхэд систем гацах, хүлээгдэх асуудал бий. Бүртгэлийн шугам нээсэн өглөө 08:00-12:00 цагийн хооронд нэг дор олон хандалт хийсэнтэй холбоотойгоор систем түр хүлээгддэг. Гэхдээ бүртгэл баталгаажаагүй гэх асуудал үүсэхгүй байгаа. Бүртгэл хангалттай хугацаагаар буюу 10-14 хоногийн хугацаанд явагдана.  Хамгийн эхэнд эсвэл сүүлд бүртгүүлсэн гэдгээс үл хамааран хамран сургах тойрогт хуваарилалт хийж байгаа учраас эхэнд бүртгүүлсэн нь давуу байдал эдэлнэ гэсэн ойлголт байхгүй. Тиймээс яарч,  сандрах шаардлагагүй. 

-СӨБ буюу цэцэрлэгийн насны хүүхдүүдийн бүртгэл ч мөн явагдаж байна. Энэ жил бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэсэн?

-Нийслэлд Сургуулийн Өмнөх Боловсролын 141,000 хүүхэд бүртгэлтэй байна. Эдгээр хүүхдийн бүртгэл жигд явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар 91,000 хүүхэд цэцэрлэгтээ бүртгүүлэх хүсэлтээ илгээсэн байна. Бүртгэл амжилттай болсон тохиолдолд мөн л эцэг, эхийн бүртгэлтэй гар утсанд хуваарилагдсан цэцэрлэг, хэн  багшийн анги зэрэг нь мессежээр наймдугаар сарын 25-наас хойш хариу ирнэ. Эхний ээлжинд есдүгээр сард хүүхэд чинь сонгогдоогүй ч дараа дараагийн 10,11-дүгээр сарын элсэлтэд хамрагдана гэж ойлгож болно.

-Цэцэрлэг, сургуулийн байрны засвар, хүрэлцээ. Зарим сургууль гурван ээлжээр хичээллэдэг?

-Өнөөдрийн байдлаар засвараас шалтгаалж сургууль, цэцэрлэг орохгүй,  хойшлох асуудал үүсэхгүй гэсэн урьдчилсан мэдээлэлтэй байна. Жил бүр 40 мянга орчим хүүхэд сургуулиа дүүргэн, төгсдөг бол нэгдүгээр ангид элсэгчдийн тоо 80 орчим мянгад хүрч буй. Иймд зарим сургууль дээр гурван ээлжид шилжих магадлал үүсдэг. Тухайлбал, нийслэлийн 41 сургуульд хэт өндөр ачаалал үүсэхээр байгааг холбогдох албаныхан тооцоолж, хэрхэн зохицуулах талаар ажиллаж байгаа. Улаанбаатарын 20 сургуулийн дотоод зохион байгуулалт, бүлэг дүүргэлт, багшийн хүрэлцээ хангамж зэргийг тооцоолсноор дотоод нөөц бололцоонд нь тулгуурлан засвар тохижилтыг нь хийж, хичээллүүлэхээр болсон. Мөн одоогоор эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан түрээсийн 19 байранд 9,580 хүүхдийг шилжүүлж сургахаар болоод байгаа. Үлдэж буй сургуулиудын асуудлыг өнөөдөр, маргаашдаа багтаан шийдвэрлэнэ. Түүнчлэн Орхон аймагт нэг сургуулийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул татан буулгаж, сурагчдыг нь түрээсийн байранд шилжүүлнэ. Харин бусад аймагт гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсэхгүй.

-Хамран сурах тойрогтоо сурна гэсэн зүйл яригдаж байна. Өмнө нь сурч байсан сургуульдаа сурах гэтэл гэр нь нүүсэн бол тухайн сурч байсан сургуульдаа үргэлжлүүлэн сурч болох уу?

-Үргэлжлүүлэн суралцаж буй хүүхдүүдийн эрх ашгийг хөндөхгүй. Сурч байсан сургуульдаа үргэлжлүүлэн суралцахад асуудал үүсэхгүй.

-Дүрэмт хувцсыг заавал багцаар нь өмсөж хэрэглэх ёстой юу. Юбка цамц эсвэл  өмд цамц гээд салгаж хэрэглэх боломж бий юу?

-Манай яамны зүгээс заавал багцаар нь эсвэл шинийг өмсөх ёстой гэсэн шаардлага тавиагүй. Дотоодын үйлдвэрийн багц хувцаснаас салгаж сургуулиараа ижилсэн өмсөх боломж нь тухайн сургуульдаа нээлттэй байгаа.