Э.Уламбаатар: Ургац хураалтыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн

БАЙГАЛЬ ОРЧИН

Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрч зарим газруудад цас орсон тухай мэдээллүүд хүрэх болсон. Тэгвэл үүнтэй холбогдуулан намрын ургац хураалтын явц, үүнд ашиглагдах техник хэрэгслийн талаар ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Э.Уламбаатараас тодрууллаа.

Ургац, үр тарианы болц ямар шатандаа явж байгаа вэ?

-Энэ жилийн хувьд таримлын болц харьцангуй жигд, урд жилүүдээс 5-7 орчим хоногийн өмнө ургац хураалтын ажил эхэлсэн байгаа тул хураан авах ургацын хэмжээ, чанарт эергээр нөлөөлөхөөр байна.

Ажиллах хүчний тухайд. Ургацын талбайд өөрийн хүсэлтээр ажиллах оюутан залуус хэр олон байна вэ? 
-Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаас  2399 оюутан, 2377 цэргийн алба хаагч, нийтдээ 4776 хүн ургац хураалтын ажилд ажиллах хүсэлт захиалга ирүүлсэн. Засгийн газрын 2022 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 276 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр хамтран ажиллаж байна.  

Техник хэрэгслийн хүрэлцээ, хүчин чадлын ямар байна вэ?

Ургац хураалтад нийтдээ 1041 комбайн,  587 ширхэг жатка, 220 гаруй үтрэм, 389 ширхэг  үр тариа цэвэрлэх машин, 316 ширхэг  үр тариа ачигч машин, 72 ширхэг төмс хураах комбайн,  417 ширхэг төмс ухагч, 69 ширхэг төмс, хүнсний ногоог ангилах соортлох машин ажиллах бөгөөд техник засварын ажил 80 гаруй хувьтай явагдаж байгаагийн зэрэгцээ хөнгөлөлттэй зээлийн үр дүнд диллер аж ахуйн нэгжүүд өндөр хүчин чадлын 40 гаруй комбайныг ургац хураалтын өмнө нийлүүлэхээр ажиллаж байна. Ургац хураалтад ажиллах техникийн иж бүрдлээр тооцоход хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн.
Ургац хураалтын үеэр агуулах савны хүрэлцээ, багтаамж үргэлж хөндөгддөг.  Улсын хэмжээнд хэчнээн тонны багтаамжтай сав байна вэ?

-Улсын хэмжээнд үр тариа хадгалах 550.2 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 186 мянган тонн, хувийн хэвшилд 364.2 мянган тонн нь ашиглагдаж байна. Одоогоор элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж буудай хүлээн авахад бэлэн боллоо. 
Ургацын урьдчилсан байдлаар хүнсний ногооны хэчнээн хувийг дотоодоосоо хангах боломжтой байгаа вэ?
-
Энэ онд улсын хэмжээгээр  378.1 мянган гад үр тариа, үүнээс 353.1  мянган гад улаанбуудай, 19.9 мянган гад төмс, 11.1 мянган гад хүнсний ногоо, 57.4 мянган гад малын тэжээл, 117.4 мянган гад тосны ургамал, 4.6 мянган гад жимс, жимсгэнэ, нийтдээ 588.5 мянган гад тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн  тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байна. Урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 68 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган,  мөндрийн улмаас 13.2 мянган га талбай ургац алдаж, болц дутуугаас 11.4 мянган га талбай ногоон тэжээлд шилжсэнээр, нийтдээ 24.6 мянган га талбайн ургац балансад тусгагдаагүй. 

Нэг хэсэг үнэд ороод байсан хүнсний ногооны ханш цаашид нэмэгдэх үү?
-Нийслэлийн хүн амыг хямд, шинэ хүнсний ногоогоор хангах зорилготой “Алтан намар”  үзэсгэлэн худалдаа тодорхой байршлуудад дэлгэгдсэн. Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын орлогыг дэмжих зорилгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран 
есөн дүүргийн 31 байршилд томоохон хэмжээний төвлөрсөн цэг байгуулан ажиллуулж байгаагийн зэрэгцээ дүүрэг, хороо, хорооллын дунд төмс, хүнсний ногооны борлуулалтыг чөлөөтэй явуулах боломжийг олгож байгаа юм. Цаашид үнэ өсөхгүй, харьцангуй хямд өртгөөр иргэд шинэ ургацын ногоогоо хэрэглэх бүрэн боломжтой.
Ургацын бүс нутгуудад цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ? 

-Цаг агаарын урьдчилсан  мэдээгээр 9 дүгээр сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тунадас нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологийг боловсруулж тариаланчдад хүргэх, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллахад ХХААХҮЯ-наас анхаарч байна.