ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАГАН ОЙ БҮХИЙ ОЙН САНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

БАЙГАЛЬ ОРЧИН
Ойн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ойн төлөв байдал, ойн сангийн эзлэх талбайн хэмжээ, нөөц, бүрэлдэхүүн, үнэлгээ, тэдгээрийн өөрчлөлт, ойг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээний талаарх цогц мэдээллийг агуулсан улсын хэмжээний ойн мэдээллийн сантай байна.” гэж заасан.
Ойн мэдээллийн санг Ойн тухай хуулийн 3.1.13-т заасан ойн сангийн талбай, нөөц, тархац, бүрэлдэхүүн, чанар, төлөв байдал, өөрчлөлтийг тогтоох, хүлэмжийн хийн шингээлтийг тооцох, биомассын судалгаа хийх, ойн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг цогц байдлаар тодорхойлсон ойн тооллого, ой зохион байгуулалтын судалгааны материалд үндэслэн тогтоох бөгөөд ой зохион байгуулалтын ажлыг арван жил тутамд хийж, гүйцэтгэдэг /Ойн тухай хуулийн 7.2/.
Мөн тус хуулийн 7.4.1-д ой зохион байгуулалтын ажлыг улсын төсвөөс санхүүжүүлж хийхээр, 7.1-д ойн тооллого, ой зохион байгуулалтын ажлыг төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан ойн мэргэжлийн байгууллага гүйцэтгэхээр тус тус заасан.
Энэхүү хуулийн заалтын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ойжуулалт хөтөлбөрийн зардлын хуваарь батлах, эрх шилжүүлэх тухай” 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/166 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн заган ойн санд хийгдэх ой зохион байгуулалтын хээрийн судалгааны хэмжилт, тооллогын ажлын зардал батлагдаж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль”-ийн дагуу тендерийн ажлыг зохион байгууллаа.
Дээрх ой зохион байгуулалтын хээрийн судалгааны хэмжилт, тооллогын ажлыг “Залуу төгөл” ХХК, “Хатант форест” ХХК, “Гранд форест” ХХК, “Аглаг ой” ХХК, “Мөнх ногоон жодоо” ХХК-ийн түншлэл хийж гүйцэтгэхээр шалгарч, гэрээ байгуулан, гүйцэтгэж байна.
Тус ажлын хүрээнд ой зохион байгуулалтын техникийн I-р зөвлөгөөнийг Говь-Алтай аймгийн төвд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Ой зохион байгуулалтын 1-р зөвлөгөөнийг хээрийн хайгуул, судалгааны ажил эхлэхийн өмнө хээрийн судалгааны бэлтгэл ажил, судалгааны ажлын арга зүй, захиалагч, гүйцэтгэгч болон орон нутгийн холбогдох байгууллагуудын хоорондын ажлын уялдааны талаар орон нутгийн холбогдох байгууллага, албан тушаалтан, ойн нэгж, сум дундын ойн ангийн төлөөллийг оролцуулан зохион байгуулдаг.
Энэхүү судалгааны ажлаар Говь-Алтай аймгийн заган ой бүхий сумдын 1664.8 мянган га навчит ой болон заган ойг хамруулан ойн сангийн талбай, нөөц, таксацын үндсэн үзүүлэлтийг шинэчлэн тогтоож, ойн сангийн өөрчлөлтийг тогтоох, мэдээллийн санг шинэчлэх, ойрын 10 жилд хэрэгжүүлэх ойн аж ахуйн арга хэмжээний үндсэн чиглэлийг тусгасан ой зохион байгуулалтын ажлын тайлан, зураг, төслийг боловсруулахад шаардлагатай эх мэдээллийг үнэн зөв тогтоож, хэмжилтийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхэд оршино.
 
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАГАН ОЙ БҮХИЙ ОЙН САНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
• Говь-Алтай аймгийн заган ой бүхий Цогт, Бигэр, Цээл, Халиун, Төгрөг, Шарга, Алтай, Бугат, Тонхил сумдын 1 664 768 га талбайд улсын төсвийн хөрөнгөөр ой зохион байгуулалтын ажил хийгдэж байна.
• Ой зохион байгуулалтын ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод ой зохион байгуулалтын техникийн I-р зөвлөгөөнийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр БОАЖЯ /захиалагч тал/, гүйцэтгэгч аж ахуйн нэгж, орон нутгийн холбогдох албан тушаалтан, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, тусгай хамгаалаллтай газар нутгийн хамгаалалтын захиргааны төлөөллийг оролцуулан зохион байгуулав.
• Ой зохион байгуулалтын судалгаагаар Говь-Алтай аймгийн заган ойн сан бүхий 1 664 768 га талбайн 5548 цэгт, 22192 багц дээж талбайг байгуулж, эх мэдээг цуглуулан дүн шинжилгээ хийж, заган ойн сангийн тархац, нөөцийг тогтоож өөрчлөлтийг тодойрхолон, холбогдох тайлан, тархалтын зургийг боловсруулан гаргах юм.
• Говь-Алтай аймгийн заган ойн санд хийгдэж буй ой зохион байгуулалтын ажлыг ойн бүртгэл тооллого, ой зохион байгуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Залуу төгөл”ХХК Тонхил, Бугат, Шарга, Төгрөг, Цээл, Халиун Бигэр суманд, “Гранд форест” ХХК Эрдэнэ сум, “Аглаг ой” ХХК Алтай, Цогт суманд, “Хатант форест” ХХК Цогт сум Баянтоорой багт, “Мөнх ногоон жодоо” ХХК Эрдэнэ, Цогт суманд тус тус хээрийн хайгуул судалгааны ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлүүлсэн ба уг ажлын үргэлжлэх хугацаа 45 хоног байхаар төлөвлөн ажиллаж байна.