БЭЛЧЭЭРИЙН ДОРТОЙТЛЫГ ХЯЗГААРЛАХААР ЗӨВЛӨЛДЛӨӨ

БОДЛОГО

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос /МБАНХ/ тав дахь удаагаа Бэлчээрийн үндэсний форумыг “Хариуцлагатай нүүдэлчид: МАА-н өртгийн сүлжээний тогтвортой байдал, өрсөлдөх чадвараар дэлхийн зах зээлд хүрэх боломжийг нээх нь” сэдвийн дор Архангай аймгийн Ихтамир суманд зохион байгууллаа.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг  “УИХ-аас малчдаа дэмжих, нүүдлийн мал аж ахуйд суурилсан өртгийн сүлжээ буюу эцсийн бүтээгдэхүүн бий болгох замаар үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малчдын амьжиргааг сайжруулах тал дээр дээр илүү анхаарна. Та бүхний санал санаачилга, үндэсний форумаас гарах зөвлөмж нь цаашид хууль эрх зүйн орчныг сайжруулах, бодлого боловсруулахад маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Юуны түрүүнд бид малынхаа удмын санг сайжруулах, сүүний, махны, ноос ноолуурын гэсэн үндсэн гурван чиглэлээр гарц, үр шим өндөртэй мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай байна. Малын үр шим  сайжирснаар малчдын мөнгөн орлого бодитоор нэмэгдэж, амьдрал ахуй нь сайжирч, үүнийгээ дагаад бэлчээр сайжирна.  Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд мал аж ахуйн салбар нэн чухал ач холбогдолтой. Тиймээс бэлчээр, түүний нөхөн сэргээгдэх нөөцийг зөв зохистой ашиглах нь мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн үндэс юм” хэмээлээ.

Тус форум нь Монгол орны бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, зохицуулалт, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, арга хэмжээний үндсэн чиглэлээр салбарын мэргэжилтнүүд болон ашиглагчид нэгдсэн ойлголтод хүрэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой. Форумаас тодорхой зөвлөмжүүдийг гаргаж, зохих шийдвэр гаргах түвшний байгууллагад хүргүүлэх юм.