Д.ДАЛАЙЖАРГАЛ: Ураны Зөөвч-Овоо үйлдвэрийн туршилт энэ оны сүүлч гэхэд дуусна

ТЕХНОЛОГИ

-“Мон-Атом” ХХК цацраг идэвхт ашигт малтмалын салбар дахь үүрэг оролцоо, ажиллагаагаа хэзээнээс эхлүүлсэн бэ?

-Манай компани “Цөмийн энергийн тухай хууль”-ийн V дугаар зүйлийн хэрэгжилтийг ханган цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой аливаа үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэхээр 2009 онд байгуулагдаж байв. Улмаар 2019 онд “Мон-Атом” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн. Тэр үеэс “Мон-Атом” ХХК “Эрдэнэс Монгол” ХХК-иас 100 хувь санхүүжиж менежментийн удирдлагаар хангагдан ажиллаж байна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагын баг төслийг амжилттай урагшлуулж эдийн засгийн эргэлтэд оруулах, бизнесийн зарчмаар ажиллан үр ашгийг нэмэгдүүлэх талдээр анхаарч хурдтай ажиллаж байгаад бид болон хөрөнгө оруулагч тал баяртай байгаа. Уран нь бусад төрлийн ашигт малтмалтай ижил бидний эргэн тойронд хаа сайгүй байдаг элемент. Мөн алтнаас 500, мөнгөнөөс 20 дахин их тархалттай байдаг. Энэхүү элементийн хэрэглээг цөмийн түлш, цөмийн бөмбөгөөр хязгаарлан ойлгож болохгүй. Бидний өдөр тутмын энгийн амьдралд эрүүл мэнд, үйлдвэрлэлийн салбарт маш өргөн ашигладаг. Ураныг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд олборлож, үсрэнгүй хөгжилтэй орнууд нь боловсруулж байна. Монгол Улс зөвхөн шар нунтаг үйлдвэрлэж байна. Шар нунтаг ямар үед аюултай болдог вэ гэхээр хэд хэдэн дамжлагын дараа цөмийн түлш болоод ирэхээр л аюултай болдог. Гэхдээ дэлхий нийт цөмийн түлшний циклд маш нарийн ажиллаж аюулгүй ажиллагаанд нь онцгой анхаарч хөгжүүлж ирсэн. Ураны салбарт манай хоёр хөрш болон Англи, Франц, АНУ гэсэн таван орон л гол тоглогч байж бидний олборлож байгаа шар нунтгийг баяжуулан цөмийн түлш гарган авч байгаа.

-Манайд урантай холбоотой асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн орчин хэр хэмжээнд байгаа вэ? 

-УИХ-аас 2009 онд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого” баталснаар цацраг идэвхт ашигт малтмалын салбарт эрх зүйн шинэлэг харилцаа бий болох нөхцөл бүрдсэн. Үүнтэй холбогдуулан тухайн онд Цөмийн энергийн тухай хууль батлагдаж дагаж мөрдөх болсон. Гэвч энэ хууль нь салбарын харилцааг бүрэн дүүрэн шийдэж чадаж байна уу гэдэг нь өөр асуудал юм. Уг 2009 онд батлагдсан бодлогын үндсэн зорилт нь цацраг идэвхт ашигт малтмалын нөөц баялгаа гүнзгийрүүлэн судлах, түүнийг энхийн зорилгоор хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй технологиор ашиглах, улмаар цөмийн энергийг эдийн засаг, нийгмийн салбарт өргөн хүрээнд ашиглах, цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд оршиж байна.

-Ураны нөөц манай улсад хэр байдаг юм бол. Хайгуул, олборлолт хийхээр хэдэн компани ажиллаж байгаа вэ. Үүнтэй холбогдуулан хэрэгжиж эхэлсэн төсөл хөтөлбөр бий юу?

-Өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ураны 13 ордод тогтоогдсон нөөцийн хэмжээ 192 мянган тонн байна. Энэхүү нөөцийн хэмжээгээр дэлхийн ураны нөөцийн хоёр хувийг бүрдүүлж аравдугаарт эрэмбэлэгддэг. Бид төслөө амжилттай эхлүүлбэл уран олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч топ арван орны нэг болно. Ураны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж одоогоор байхгүй. Хуулийн хүрээнд нөхцөл шаардлага хангаж буй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гарын таван хуруунд багтах цөөн хэдэн компани манайд үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, Монгол-Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн Зөөвч- Овоо, Дулаан-Уул ордуудын төсөлд Францын “Орано” групп 66 хувийн хөрөнгө оруулалттай, “Мон-Атом” ХХК-ийн 34 хувийн оролцоотой. Монгол-Чехийн хамтарсан “Гурвансайхан” ХХК-ийн Гурвансайхан, Хараат, Хайрханы ордуудын төсөлд Чех улсын “Ураниум индастри” ХХК 85 хувийн хөрөнгө оруулалттай, “Мон-Атом” ХХК- ийн 15 хувийн /хуулийн дагуу 34 хувиас доошгүй/ оролцоотой. Монгол-Хятадын хамтарсан Гурванбулаг ордын төсөл ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар материал бүрдүүлж байгаа бөгөөд энэхүү ордод “Мон-Атом” ХХК нь 51 хувийн оролцоотойгоор хамтарсан компани байгуулахаар тус тус ажиллаж байна.

-Дорноговь аймгийн нутагт орших Зөөвч-Овоо нь Монголд байгаа хамгийн их нөөцтэй ураны ордын нэг. Түүнчлэн 2021 оны долдугаар сард үйлдвэрлэлийн туршилтаа эхлүүлсэн байдаг. Энэ туршилт амжилттай болж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулбал бидэнд ирэх үр ашгийн тооцоолол байгаа юу?

-Юун түрүүнд бид жилд хэдэн тонн уран олборлож чадах, хэдэн төгрөг зарцуулах зэргийг судлан үйлдвэрээ бэлтгэж байна. Үйлдвэр нэгэнт эхэлсэн бол зогсож болдоггүй, доголдолгүй ажиллах нөхцөлийг хангах шаардлагатай. Үйлдвэр зогсвол маш их алдагдал хүлээдэг. Тиймээс эхний жилдээ үйлдвэрээ туршаад ашиг орлогын тооцоолол гаргасны дараа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. Үйлдвэрийн туршилт энэ оны сүүлч гэхэд дуусна. Тэр үед нь хөрөнгө оруулалтын гэрээгээ амжилттай байгуулбал Монгол Улс анх удаа уран олборлож эхэлнэ. Мөн үйлдвэр ажиллаад эхэлбэл Дорноговьд 800-1200 хүн ажлын байртай болно. Орд ашиглах гэрээнд ажиллах хүчний 99 хувийг орон нутгаас авч ажиллуулна гэж заасан байгаа. Дэлхий дээр ураны нөөцтэй 16 улс байдгийн нэг нь Монгол. Манай улсад дэлхий нийт ураны нөөцийн хоёр хувь нь оршдог. Эдгээр улсууд уран олборлох явцад шар нунтаг гэх бүтээгдэхүүн гаргаж авдаг. Тухайн шар нунтгийг цөмийн эрчим хүчний түлш болгон хувиргадаг, боловсруулах үйлдвэр нь таван улсад л бий. Уран олборлолтын эцсийн бүтээгдэхүүн буюу шар нунтаг нь хүн, амьтны эрүүл мэндэд хорт нөлөө үзүүлэхүйц цацраг идэвхигүй. Зөөвч-Овоо ордын ТЭЗҮ-г 2015 онд баталж дараа жил нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож Ашигт малтмал, газрын тосны газартай орд ашиглах гэрээ байгуулсан. Улмаар 2018 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын барилгыг 2019 онд ашиглалтад оруулж байсан. Зөвхөн 2020 онд дэлхий даяар 6529 тонн уран олборлосон, туршлагатай "Орано Майнинг" нь Канад, Нигер, Казахстан зэрэг улсад үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн уран олборлох үйлдвэрүүдийн 57 хувь нь ашиглаж буй ГДУО (Газрын доор уусган олборлох) аргыг Зөөвч- Овоо ордод хэрэглэнэ. Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж олборлолт эхэлбэл дараагийн 35 жилийн турш үргэлжлэх уг төсөл нь "уул уурхайн хөгжлийн шинэ шат" юм. Зөвхөн энэхүү төслийн хөрөнгө оруулалт нь 1.2 тэрбум ам.доллар, олох орлого нь 36 жилийн хугацаанд долоо орчим тэрбум ам.доллар, татвар хэлбэрээр орон нутагт 1.3 тэрбум ам.доллар төлнө гэсэн урьдчилсан тооцоо байгаа. Эхний туршилтын үйлдвэрлэлийн хугацаанд 28.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татвар төлбөр, ажилчдын цалин хөлс, гэрээлэгч компаниудын үйл ажиллагаа зэрэгт зарцуулна. Засгийн газар “Шинэ сэргэлт”- ийн бодлогоор дамжуулж хөгжлийн том төслүүдийг эхлүүлж хөрөнгө оруулалтыг дэмжихээ илэрхийлсэн. Тиймээс энэхүү төсөл амжилттай хэрэгжин үр ашгаа өгч эхэлбэл Дорноговь аймгийн иргэд ажилтай орлоготой болж орон нутгийн нийгэм эдийн засаг сайжраад зогсохгүй улсын хөгжилд өндөр ач холбогдлоо өгөх юм.

-Уурхайн хайгуул олборлолт явагдаж эхлэхэд байгаль орчин, хүн амьтны амьдрах бүсэд нөлөөлдөг. Аюултай, хор нөлөө өндөртэй ашигт малтмалын нэг болох энэ уран, шар нунтаг үйлдвэрлэх технологи нь аюулгүй байдлаа яаж хангах вэ?

-Шар нунтаг гэдэг зүйл хүнд хор нөлөө байхгүй. Цацрагийн түвшин буюу микро зиверт хэмждэг багажаар үзэхэд Сүхбаатарын төв талбай, Дорноговийн Улаанбадрах сум хоёрынх яг ижил хэмжээ заадаг. Өөрөөр хэлбэл, байгаль дээрх хэвийн хэмжээнд байна гэсэн үг. Шар нунтгийг дээр дурдсан таван улс баяжуулаад, өндөр технологиор дамжин атомын цахилгаан станцын түлш болох үед л цацрагийн аюул яригдана. Манайд бол энэ бүхэн хол, хуулийн хүрээнд зөвхөн шар нунтгаа л гаргаж авах юм. Түүнчлэн, бидний эргэн тойрон тэр чигтээ байгалийн цацрагаар хүрээлэгдэж буй. Онгоцоор нисэхэд цацрагт тодорхой хэмжээнд өртдөг учраас хүн ядардаг. Төрийн ордон ороход төхөөрөмжөөр шалган нэвтрүүлдэг. Метал эд зүйл авч яваа эсэхийг цацрагаар шалгаж байгаа нь тэр. Шүдээ үзүүлж, CT-д зураг авхуулах зэргийг цацрагийн тусламжтай гүйцэтгэдэг. Тухайлбал, бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа лаазалсан ундаа зэрэг бүтээгдэхүүнийг ижил граммтай савлахад цацрагаар хэмжих технологи ашигладаг. Энэ болгон цацраг юм бол яагаад үхэхгүй байна вэ. Бид амьдрал дээр байгалийн цацрагийн шарлагад байнга өртөж байгаа хэдий ч, хоол идэж, унтаж амарч, бодисын солилцоонд ордог учраас хороо гадагшлуулдаг. Чернобыль шиг дэлбэрэлт, Фүкүшима шиг осол бол аюултай. Энэ бол цөмийн осол болохоос шар нунтагтай холбоогүй тэс өөр зүйл юм. Харин шар нунтаг ямар ч аюулгүй.

-Дээрх яриатай уялдуулан асуухад манайд Мардайн уурхайг ашиглаж байгаад орхисон. Тэр ч бүү хэл тус газарт хот байгуулж, олборлолтоо эл явуулж, төмөр замаар тээвэрлэдэг байсан баримт бий. Тэгвэл одоо тус аймагт уранаас болсон гэх мал амьтны өвчлөл гарсан уу?

-Дорнод аймгийн Мардайн ураны ордод 1986-1990 он хүртэл олборлолт явуулж 535 тонн уран олборлосон түүх бий. Тухайн үед Оросууд тэр бүс нутагт Эрдэс гээд цэвэрхэн тун тохилог, тусгай хангамжтай, сургууль, цэцэрлэг, спорт цогцолбор, бассейн, эмнэлэг гэх мэт хүний бүхий л хэрэгцээг багтаасан зөвхөн мэргэжлийн болон өндөр албан тушаалтан орох эрхтэй 8-12 мянган хүн суурьших хот байгуулсан. Уурхайн үйл ажиллагаа зогссоны дараа Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгсөн ч одоо уг хотоос балгас л үлдсэн. Хэрвээ үнэхээр ураны олборлолт аюултай байсан бол тийм хот байгуулах байсан уу? Өнөө үед тус уурхайн үлдэгдэл ил хаягдал овоолго, газрын гүнээс гарсан ус зэрэг нь нуур байдлаар ил байдаг. Гэсэн ч тус аймагт уранаас болж мал хордсон, өвчлөл гарсан тохиолдол байхгүй. Үүнээс үзвэл ураны хайгуул, олборлолтоос үүдэн байгаль орчин бохирдож, хүн мал хордож байна гэдэг нь ард иргэдийг төөрөгдүүлсэн ташаа мэдээлэл юм.

-Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уран олборлож эхэлсэн талбайн бүс нутагт цацраг идэвхт бодис тархаж мал хордсон гэх эргэлзээтэй мэдээллүүд гардаг. Малын гэдэс, дотор эрхтэн нь өвчлөлтэй гарлаа гэсэн дүрс бичлэг хүртэл гарч байсан. Энэ дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Хордлого, вирусийн өвчлөл хоёр тэс өөр зүйл шүү дээ. Хэрэв яг одоо энэ өрөөнд вирусийн халдвартай хүн байхад дархлаа сайтай нэгэн нь өвчлөхгүй байж болно. Харин хортой хий ялгарвал энд байгаа бүх хүн ялгаагүй хордоно. Тэгэхээр үнэхээр цацраг хордуулж байгаа бол тэр нутгийн хүн зон, мал сүрэгтэйгээ, зуу зуугаараа үхнэ биз дээ. Найман хөлтэй ишиг гээд л хэсэг шуугисан. Тэр нь ямаанд халддаг вирусийн өвчин байсан учраас тугал, ботго нь үхэхгүй байгаа юм. Хэрэв тийм биш бол хурга, тугал ялгаагүй үхэх учиртай. Би малын эмч биш ч энэ бол логик энгийн ойлголт. Сүүлийн гурван жилийн хугацаанд яг энэ асуудлаар Дорноговь аймагт 5-6 удаа Ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Засгийн газрын тогтоолоор шинжлэх ухааны байгууллагын бие даасан эрдэмтэд 2021 онд судалгаа хийж тайлангаа олон нийтэд болоод Засгийн газарт танилцуулсан. Бүх ажлын хэсгийн тайланд нэг л дүгнэлт байгаа нь цацрагаас болж хүн, мал хордсон нь тогтоогдоогүй. Статистикийн мэдээ бол албан ёсны, хамгийн гол эх сурвалж. 2019 оны статистикийн мэдээнд Дорноговь аймгийн хүн амын өвчлөл бусад аймагтай харьцуулахад доогуур төвшинд гарсан. Ялангуяа, Улаанбадрах сумынх бүр бага төвшинд байсан. Малын өвчлөл ч ялгаагүй бусад аймаг болон улсын дунджаас доогуур байгаа. Хамгийн их малын өвчлөл Өвөрхангай аймагт бүртгэгдсэн байдаг юм билээ. Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдээгүй, үндсэн олборлолт огт эхлээгүй байхад Дорноговь аймагт мал амьтан хордсон тухай нотлогдоогүй зүйлсийг ярьсаар л байна.

-Та уран олборлож шар нунтаг үйлдвэрлэх нь ямар ч аюулгүй гэлээ. Гэтэл иргэд цөмийн цахилгаан станцын осол ярьж айдаст автаад байна л даа?

-Харин тийм. Хүмүүс Чернобыль, Фүкүшимагийн атомын цахилгаан станцыг иш татаж их болгоомжилдог л доо. Бид ийм түвшинд очоогүй байгаа гэдгийг юуны түрүүнд ойлгох хэрэгтэй. Одоогийн туршилтын журмаар уран олборлож байгаа үйл ажиллагааг эдгээр тохиолдолтой бүү хольж хутгаж ойлгооч ээ гэж хүсмээр байгаа юм. Чернобылийн осол технологийн алдаанаас бус, хувь хүний хүчин зүйлээс шалтгаалсан гэдгийг хүн бүр киног нь үзээд мэдэх боломжтой. Хоёрдугаарт, машинаар зүйрлэвэл тэр бол хамгийн анхны атомын цахилгаан станц. Харин одоогийн атомын цахилгаан станцууд хүний хүчин зүйл, ямар ч оролцоогүй болсон. Фүкүшимагийн тухайд мөн НҮБ- ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан тайланд цацрагаас болж нэг ч хүн нас бараагүй гэдгийг бичсэн байгаа. Энэ бүх мэдээлэл нээлттэй тул хэн ч олоод үзэх боломжтой.

-Цөмийн эрчим хүчний цахилгаан станцыг дэлхий дээр хэдэн орон ашиглаж байгаа вэ. Манай улсын хувьд бас ийм амбиц бий юу?

-Дээр дурдсан 2009 онд батлагдсан бодлогын баримт бичигт маш том зорилт тавьсан нь Монгол Улс шар нунтаг олборлогч орноос цөмийн технологи эзэмшигч орон болох тухай тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, атомын цахилгаан станцтай болно гэсэн амбицаа уг баримт бичгээр баталгаажуулсан. Гэтэл амьдрал дээр бодитой хэрэгжсэн зүйл байхгүй, шар нунтгаа тойроод л маргалдаад байдаг. Бид нүүрсээ ухаад эрчим хүч үйлдвэрлэж байгаа. Өнөөдөр Монголын эдийн засгийн хувьд голлох түүхий эд нь нүүрс, зэс. Тэгвэл 1997 оны Киотогийн протокол, 2015 оны Парисын хэлэлцээрээр хүлэмжийн хийг бууруулах хүрээнд нүүрсний аливаа төслүүдийг зогсоохыг тусгасан. Манай улс уг протоколд гарын үсэг зурж амлалт авсан. 2030-2040 онд нүүрсний хэрэглээ байхгүй болох нь. Тийм учраас өнөөдөр дэлхий дээр 440 гаруй атомын цахилгаан станцыг шинээр барихаар төлөвлөж 54 цахилгаан станцыг барьж эхлээд байна. Тэдгээрийн дийлэнхийг манай хоёр хөрш барьж байгаа. Өнөөдөр хэрэглэж буй атомын цахилгаан станцуудын тоог хоёр дахин нэмж байж агаар дахь нүүрс хүчлийн хийг 50 хувь бууруулж болно гэсэн судалгаа байдаг. Хэрэв энэ технологи хортой, аюултай байсан бол дэлхий нийтээр атомын цахилгаан станцыг хэрэглэхгүй, нэмж барихгүй байсан биз ээ. Монгол Улс 30 жилийн дараа нүүрсээ түлээд л амьдраад байх уу, эсвэл нар, салхины станц, атомын цахилгаан станц барих уу гэдгээ одоо бодох ёстой. Бидэнд тэр боломж нь байгаа. Баялаг нь байна шүү дээ. Дэлхийн 15- хан улсад нөөц нь байхад бид аравт бичигдэж байна. Тиймээс цаашдаа яах вэ гэдгээ одооноос бодох шаардлагатай.