“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

УИХ-ын чуулганы 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Монголбанкнаас Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дээрх тогтоолын төслийг Улсын Их Хуралд ирүүлсэн юм.

Тогтоолын төслийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав.

Тэрбээр, Дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын зөрчилдөөнт нөхцөл байдлаас шалтгаалсан гадаад, дотоод үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэлийг төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх замаар даван туулах, Монгол Улсын эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсрууллаа.

Гадаад орчны таагүй нөхцөл байдал нь Монгол Улсад шууд болон шууд бусаар нөлөөлж өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд манай эдийн засгийн идэвхжил сул байлаа.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд төрийн эрх бүхий бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр дараах асуудлуудыг бодлогын зорилт болгон тусгалаа.

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2023 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд онцгойлон анхаарав.
  • Дунд, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад аж үйлдвэрийн салбарын боловсруулалтыг гүнзгийрүүлж, импортыг орлох салбарыг хамгаалж, экспортыг дэмжин эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтыг төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай.
  • Түүнчлэн, логистикийн хүндрэлийг шийдвэрлэн хилийн гацааг арилгаснаар л экспортын орлогыг нэмэгдүүлж, худалдааны эргэлтийг сайжруулж, тээврийн зардлыг бууруулан үнэ, ханшийн дарамтыг шийдвэрлэх боломжтой юм.
  • Мөн гадаад орчны сөрөг нөлөөг зөөлрүүлж, эдийн засгийг дэмжих зайлшгүй хийх арга хэмжээ нь гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, гадаад санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх явдал болж байна.
  • Дунд хугацаанд тогтвортой хөгжлийн нэн чухал хүчин зүйл болоод буй уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр гадаад худалдааны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхийн зэрэгцээ тогтвортой ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн дэмжихээр зорьж байна.

Эдгээр асуудлуудад дэлхий нийтээр анхаарал хандуулж байгааг онцлох нь зүйтэй. Түүнчлэн, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад иргэд, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, түүнд шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх ажлуудыг зорилт болгож байна.

Цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх нь чухал болж байна. Монголбанкны 2023 оны бодлого, үйл ажиллагаа инфляцыг зорилтот түвшинд эргүүлэн тогтворжуулах замаар эдийн засагт эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах, тогтвортой өсөлтийн суурь нөхцлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ гэлээ.


Тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Чинзориг валютын нөөц нэлээд хомсдчихсон, ханш тогтворгүй, инфляцын хөөрөгдөл өндөр байгаа үед дотооддоо өөрсдөөсөө шалтгаалах асуудлаа шийдэж чадаж байгаа эсэх дээр анхаарах, УИХ-ын гишүүн Т.Доржханд 2023 оны мөнгөний бодлогын зорилтуудаа шинэчлэх, төсөв тэлсэн энэ орон зай дээр ямар ч бодлого хэрэгжүүлэх боломжгүй учраас бодитой болгох, төлбөрийн тэнцэл, гадаад бондын өр, төлбөрийн асуудал, гадаад нөөцөө хэрхэн удирдах талаар тодорхойгүй байгаа тул дахин тодотгох, энэ талаар тодорхой төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн санал гаргасан хэмээн Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулсан юм.

Тус Байнгын хорооны хуралдаанаар оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Гишүүд ам.долларын ханш өсөөд буйн учир шалтгааныг Орос, Украины дайн, цар тахалтай холбож байгаа ч экспортоо нэмэгдүүлэх, хилээ нээх, боомтуудын үйл ажиллагааг сайжруулах нь чухал гэж байлаа. Энэ тал дээр Монголбанк, Засгийн газраас ямар арга хэмжээ авч, бодлого хэрэгжүүлэх гэж байгааг тодруулсан. Мөн нүүрс болоод бусад байгалийн баялгийн экспортын борлуулалт ямар түвшинд байгааг лавлан экспортыг нэмэгдүүлэхийн тулд хэрхэн ажиллаж байгаа талаар хариулт авахыг хүссэн.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ам.доллартай харьцуулах төгрөгийн ханш өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 17 хувиар сулраад байна. Шалтгаан нь гадаад худалдаа, төгрөгийн тэнцэл дээр маш тодорхой харагдаж байгаа. Экспорт өнгөрсөн оны мөн үеэс тодорхой хэмжээгээр өсч байгаа ч гэсэн импортыг нөхөх хэмжээгээр нэмэгдэж чадахгүй байна. БНХАУ-ын “Тэг Ковид” гэсэн хатуу хөл хорионы дэглэм үйлчилсэн хэвээр байгаа. Энэ нь экспортыг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний бэрхшээл учруулж байна. Импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өсөөд байна. Энэ нь худалдааны болоод төлбөрийн тэнцэлд дарамт учруулж, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан байгаа. Энэ нь Монгол Улсын валютын нөөцөөс нөхөгдөж байгаа бөгөөд валютын нөөцөд нөлөөлж байна.

Мөн АНУ-ын инфляц есөн хувьд хүрч өссөнтэй холбогдуулан тус улсын төв банк бодлогын хүүгээ өсгөн 3.25 хувьд хүрээд байна. Оны өмнө 0.25 хувь байсан хүү өнөөдөр ингэж өссөнөөр ам.долларын эрэлтийг нэмэгдүүлсэн. Ам.долларын хүү өссөнөөс болоод бусад улсуудын мөнгөн тэмдэгт нэлээн суларсан. Энэ нь дэлхий нийтийг хамарсан үзэгдэл болж байна. Үүнээс болоод төгрөгийн ханш сулрах дарамтыг бий болгоод байгаа юм. Төв банкны зүгээс мөнгөний бодлогыг хатуу болгоод явж байна. 14 хоногийн өмнө бодлогын хүүгээ өсгөж 12 хувьд хүргэсэн. Үүгээр инфляцийн өсөлт болоод төгрөгийн ханшийн сулралтад тодорхой бодлогын тохируулга хийх боломжтой гэж үзэж байгаа гэсэн хариулт өгсөн.

Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг болох боомтын сэргэлтийн бодлого ойрын үед хэрэгжүүлэх чухал арга хэмжээнүүдийн нэг байгаа. Боомтын сэргэлтийн ажлыг богино болон дунд, урт хугацаанд гэж салгаж харах хэрэгтэй. Богино хугацаанд боомтын үйл ажиллагааг Ковидын өмнөх үе буюу 2019 оны хэмжээнд хүргэх зорилт тавиад байна. Экспортын хамгийн том боомт болох Гашуунсухайт боомтод жил гаруйн хугацаанд нэлээд арга хэмжээ авсан. Түүний үр дүнд сүүлийн 6 сарын хугацаанд 2019 онд гаргаж байсан нүүрс экспортын хэмжээнд хүргэж чадсан. Зарим өдрүүдэд илүү гарч байгаа. Үүгээр эхний хагас жилийн алдагдлыг сүүлийн хагас жилдээ нөхнө гэж үзэж байгаа. Гашуунсухайт хүртэлх төмөр зам ашиглалтад орсон.

Мөн Замын-Үүд боомтоор өдөрт экспортын 12 цуваа гарч байна. Удахгүй 16 болгож нэмэгдүүлнэ. Удахгүй Ханги боомт хүртэлх төмөр зам ашиглалтад орно. Шивээхүрэнгийн боомтоор нэвтрэх экспортын бүтээгдэхүүн өмнөх жилүүдээс өсч байна. Тэнд чингэлэг тээврийн терминал удахгүй ашиглалтад орох гэж байна. Ингэснээр бараа бүтээгдэхүүн нэвтрэн өнгөрөх боломж нэмэгдэнэ. Боомтын асуудалд гадаад харилцаа их чухал байдаг. Хамгийн сүүлд Ерөнхий сайдын Бээжинд хийсэн ажлын айлчлалын үеэр маш олон жил зогсонги байдалтай байсан хил нэвтрэх цэгүүдийн асуудлыг хоёр тал эцэслэн тохирсон. Цаашдаа бүтээн байгуулалтын ажлууд ямар нэг саадгүйгээр явагдах шатандаа орсон. Тийм учраас 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа гадагш гаргах экспортынхоо биет хэмжээг Ковидын өмнөх үеийн түвшинд хүргэхээр төлөвлөсөн гэлээ.

 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсанаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Тогтоолын төслийг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.