“Тика”-ийн ерөнхийлөгч Серкан Каялар тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна

БАЙГАЛЬ ОРЧИН
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Турк Улсын олон улсын хамтын ажиллагааны агентлаг “ТИКА”-ИЙН ерөнхийлөгч Серкан Каялар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Манай улс тус байгууллагатай хамтын ажиллагааны 30 гаруй жилийн арвин түүхтэй, төдийгүй өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 21 аймаг 330 суманд 800 орчим төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын эхэнд талууд онцлоод, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
 
Ингэхдээ, Монгол орны дахин давтагдашгүй түүх соёлын өв, археологийн олдвор, эртний хотуудын туурь зэрэг түүхийн арвин их сан хөмрөгт түшиглэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, маршрутыг бий болгохоос гадна, орон нутгийн нисэх онгоцны буудлуудыг олон улсын зэрэглэлд шилжүүлж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа талууд илэрхийллээ.
 
Турк Улсын олон улсын хамтын ажиллагааны агентлаг “ТИКА” нь 1990 онд байгуулагдаж, 2004 онд манай улсад Суурин төлөөлөгчийн газраа байгуулснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд үр дүнтэй олон төсөл хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлж, хоёр орны найрсаг, найрамдалт харилцааг бэхжүүлж ирсэн төдийгүй бизнес, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг эрчимтэй өрнүүлж байгааг талууд онцлоод, цаашид хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Монгол орны онцлогт нийцүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ярилцсан юм.
Эх сурвалж: БОАЖЯ