Концессын төлбөрийн 9 тэрбум долларыг төсвөөс барагдуулж байна

Эдийн засаг

Концессын тухай хуулийг хориглож, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай эрх зүйн шинэ зохицуулалттай болох зорилгоор Засгийн газар, Сангийн яам, ОУВС болон Дэлхийн Банкны техникийн туслалцаатайгаар боловсруулсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг өргөн барихад бэлэн болжээ.

Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр, өнгөрсөн 13 жилийн хугацаанд Концессын тухай хуулиар зохицуулж ирсэн барьж-шилжүүлэх, барьж-ашиглах-шилжүүлэх буюу бариад төрд "шахаж", төсвөө өрөнд оруулдаг тогтолцооноос үүдэн концессын төлбөрт 9 тэрбум ам.долларыг төсвөөс барагдуулж байгаа аж.

Гаднын хөрөнгө оруулагчдын нэн тэргүүнд анхаардаг эрх зүйн орчныг бүрдүүлснээр хөрөнгө оруулалтын орчин сайжрахаас гадна олон улсын үнэлгээ сайжирна. Төр, хувийн хэвшил гэрээ байгуулсан тохиолдолд Засгийн газар баталгаа гаргаж өгснөөр дунд, урт хугацаанд тухайн төсөл тогтвортой явна гэж үзэж байгаа аж.

Сангийн сайд Б.Жавхлан “2023 оны төсвийн төслөөр 20 их наяд төгрөгийн зарлага гарахаас 2.6 их наяд нь хөрөнгө оруулалтад зарцуулагдахаар буй бөгөөд төрийн хүрэлцэхгүй байгаа салбарууд, хөрөнгө оруулалтад хувийн хэвшил ажиллах боломж бүрдэнэ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 19.6 их наяд төгрөгийн 22 төсөл хөтөлбөрийг хувийн хэвшил хэрэгжүүлэх боломжтой. Хууль батлагдсанаар 20 их наяд төгрөгийн зах зээлийг хувийн хэвшилд нээж, санал болгоно гэсэн үг” гэж хэлэв.

Төлбөрийн эрсдэл гарвал Засгийн газар үүргийн баталгаа гаргах буюу санхүүгийн хариуцлагыг хүлээхээр хуулийн төсөлд тусгажээ. Засгийн газар баталгаа гаргаснаар дунд, урт хугацаанд тухайн төсөл тогтвортой явна гэж үзсэн байна.