Тайванийн төв музей $77 саяын үнэтэй түүхэн дурсгалуудыг сүйтгэснээ хүлээн зөвшөөрчээ

ТЕХНОЛОГИ

Тайванийн үндэсний хааны ордон музей Мин, Чин улсын үеийн үнэтэй түүхэн дурсгалуудыг сүйтгэснээ өчигдөр хүлээн зөвшөөрчээ.

15-17 дугаар зуунуудад хамаарах шаазан сав, цайны аяга, таваг гурвыг сүүлийн 18 сарын хугацаанд унагаж хагалсан нь саяхан ил болсон юм.

Эдгээрийг $77 саяын үнэ хүрэх дурсгалууд гэж судлаачид үзэж байна.

Баасан гарагт Тайванийн сөрөг хүчний хууль тогтоогч Чен И Шин ийм хохирол гарсан тухай мэдээлэл авснаа мэдэгдэж, музейн захиргаанаас тайлбар шаардсан юм.

Музейн захиргаа түүхэн дурсгалуудыг хэн хагалсныг тогтоохоор камерын бичлэг шүүж байгаа ба мөрдлөгийн явцад хохирлын талаар нийтэд мэдээлэлгүй нууцлах шаардлага гарсныг тайлбарлажээ.

Одоогоор нэг дурсгалыг хагалсан ажилтныг олж, сахилгын арга хэмжээ аваад байгааг музейн захирал У Чи Ма өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Бас хагарсан дурсгалууд нь тийм өндөр үнэ хүрэхээргүй тул нийтэд зарлах шаардлагагүй гэж үзсэн, нуун дарагдуулах санаа байгаагүйг тайлбарлажээ.

Тайванийн нийслэл Тайбэй хотын ойролцоо оршдог тус музейд Хятадын түүхтэй холбоотой дэлхийн хамгийн том үзмэрийн цуглуулга байдаг.

Тэдгээрийн ихэнхийг Хятадын иргэний дайны үеэр Чан Кай Ши тэргүүтэй үндсэрхэг үзэлтнүүд эх газраас Тайвань арал руу нүүлгэсэн юм.

Тайваньд яригдаж буй уг асуудал эх газрын Хятадын зарим хүмүүсийн анхаарлыг татаад байна.

Уг үйл явдалтай холбоотой хаштагийг Даваа гарагийн байдлаар Хятадын сошиал сүлжээнд 600,000 гаруй удаа үзжээ. Зарим үндсэрхэг үзэлтнүүд Хятадын түүх соёлын дурсгалуудыг “эвдэн сүйтгэж байгаа” Тайванийн эрх баригчдыг шүүмжилжээ.

 

Эх сурвалж: The Guardian