Нүүрс экспорт өнгөрсөн оны мөн үеийн хэмжээнээс 71 хувиар өсчээ

Эдийн засаг

Арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар УБТЗ Эрээн өртөөнд нийт 3317 галт тэрэг өгснөөс 636 нь экспортын нүүрстэй галт тэрэг байв. Өөрөөр хэлбэл, опен топ, задгай вагон ашиглан Эрээн өртөөнд нийт 30506 вагоноор 1.539.000 тонн нүүрс экспортод өгчээ. Хэдий нийт хүлээлгэн өгсөн галт тэрэгний тоо өмнөх жилүүдийнхээс буурсан үзүүлэлттэй байгаа ч экспортын нүүрстэй галт тэрэгний тоо өссөн байна. Тухайлбал, 2020 онд 474, 2021 онд 584 нүүрстэй галт хүлээлгэн өгч байсан бол энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 636 галт тэрэг хүлээлгэн өгчээ.  

Тэгвэл бусад хилийн гарцаар арваннэгдүгээр сарын 4-10-ны өдрүүдэд 6126 автомашин, 1549 чингэлэг нийт 893.8 мянган тонн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өссөн үзүүлэлт юм. Улсын хэмжээнд оны эхнээс 24.379.1 мянган тонн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 71 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Ингэснээр эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Жишээлбэл, нүүрс 135.4, зэсийн баяжмал 100.4, төмөр 80.3, алт 91.3, газрын тос 55.8, цайр 121.9, хайлуур жонш 45.9 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Эх сурвалж: "УБТЗ" ХНН