ОХУ-аас гарах мөнгөний урсгал 2022 онд түүхэн дээд хэмжээндээ хүрчээ

Эдийн засаг

Энэ он гарсаар Оросоос гадагшаа чиглэсэн мөнгөний урсгал түүхэн дээд хэмжээндээ хүрээд байгааг тус улсын төв хэвлэл мэдээлжээ.

2022 оны нэгээс есдүгээр сар хүртэл хугацаанд оросууд нийтдээ $32 тэрбумыг хувийн данснаасаа гадаадын банкуудад шилжүүлснийг РИА Новости агентлаг Оросын төв банкны статистик тоо баримт дээр үндэслэн мэдээлсэн байна.

Энэ оны хоёрдугаар сард буюу Украинд дайн эхэлсэн сард хувийн данснаас гарсан мөнгөний хэмжээ $4.3 тэрбум болж, түүхэн дээд хэмжээндээ хүрчээ.

Цаашдаа түүхэн дээд хэмжээ дахин гурван удаа шинэчлэгдсэн байна.

Оросын төв банк гадаад гүйлгээний хэмжээг хязгаарласны улмаас гуравдугаар сард $1.7, дөрөвдүгээр сард $1.4 тэрбум гадаадын банкууд руу шилжжээ.

Харин тавдугаар сард хязгаарлалтын дээд хэмжээг өсгөсний дараа $1.7 тэрбум болж, зургаадугаар сард $5.2 тэрбум болж шинэ түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна.

Хязгаарлалт нэмж суларсны улмаас долдугаар сард $5.6 тэрбум болж, наймдугаар сард $5.4 тэрбумд хүрчээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласан есдүгээр сард гадагшаа урссан мөнгөний хэмжээ $6.7 тэрбум болж, бүх цаг үеийн хамгийн дээд хэмжээнд хүрсэн байна.

Оросын төв банк аравдугаар сарын статистик мэдээллээ одоогоор зарлаагүй байгаа юм. Дээрх тоонууд нь зөвхөн гадаадын банкнуудад шилжсэн мөнгөний хэмжээ бөгөөд бэлнээр хил давсан мөнгөний хэмжээг тооцоогүй юм байна.

 

Эх сурвалж: РИА Новости