Улсын хэмжээнд 1,259,868 автомашин хөдөлгөөнд оролцож байгаагаас 676,974 нь Улаанбаатарт байна

Эдийн засаг

Үүнээс нийслэл хотын хэмжээнд “Toyota prius” маркийн тээврийн хэрэгсэл 133,235 буюу 10,5 хувийг эзэлж байгаагаас “Toyota prius - 20” маркийн тээврийн хэрэгсэл 67,456 буюу 50,6 хувь, “Toyota prius-30” маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38,0 хувь, “Toyota prius-40” маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11,3 хувийг эзэлж байна.

Нийслэл хотын хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн байдлаар “Тоёото Приус” маркийн автомашины зөөлөн яндан алдагдсан талаар цагдаагийн байгууллагад иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 892 гомдол, мэдээлэл ирүүлсэн. Үүнээс 2021 онд 129 гэмт хэрэг, 2022 эхний 11 сарын байдлаар 65 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Авто замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан буюу катализаторын ажиллагааны байдлыг тодорхойлох зорилгоор “Бензин хөдөлгүүртэй автомашин – утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS:5013:2009 стандартад тулгуурлан үйлдвэрийн яндантай, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймал яндантай, яндангүй гэсэн 3 төрлийн нөхцөлд тээврийн хэрэгслийн яндангаас хаягдаж буй бохирдуулах бодисын хэмжээг хэмжиж, харьцуулалт хийжээ. Хэмжилтийн үр дүнгээс үзэхэд үйлдвэрийн яндантай тээврийн хэрэгслээс агаарт хаягдах СО /нүүрстөрөгчийн дутуу исэл/-ийн хэмжээ бага эргэлттэй үед яндангүй тээврийн хэрэгслээс хаягдаж буй хэмжээнээс 4.5 дахин бага.

БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймлаас 3.2 дахин бага байсан бол их эргэлттэй үед СО /нүүрстөрөгчийн дутуу исэл/-ийн хэмжээ үйлдвэрийн яндангаас ялгарах хэмжээ яндангүй тээврийн хэрэгслээс 6.8, Хятад дуураймал яндангаас 4.3 дахин бага ялгаралтай байсан.

НС буюу нүүрс-ус төрөгчийн хувьд бага эргэлттэй үед огт яндангүй тээврийн хэрэгслээс хаягдах хэмжээнээс 8 хувиар, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймлаас 12,6 хувиар, их эргэлттэй үед үйлдвэрийн яндангаас ялгарах хэмжээ яндангүй тээврийн хэрэгслээс 10 хувиар тус тус бага, Хятад дуураймал яндангаас 1.6 дахин бага ялгаралтай байсан.

 

Иймд дээр дурдсан хорт бодисыг шүүхэд нүүрсэн яндан буюу катализатор нь онц чухал үүрэгтэй бөгөөд тээврийн хэрэгслийг үзлэг оношилгооны үед яндангийн байдлыг харгалзах зайлшгүй шаардлагатай байна.