Дэлхийн банк 53 сая ам.долларын зээл олголоо

БОДЛОГО

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.  Тодруулбал, орон нутгийн төсөв болон хөрөнгө оруулалтыг ил тод болгох зорилго бүхий Дэлхийн банкны амжилттай төслүүдийн нэг болох “Тогтвортой амьжиргаа” төсөлд гарын үсэг зурсан байна.

Мөн Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах төсөлд гарын үсэг зуржээ. Энэ төсөл агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах аж. Учир нь олон тооны шинэ барилгууд дулаан хангамжид холбогдсоноор агаарын бохирдол буурна. 

Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл дээрх хоёр төслийн санхүүжилтийг өнгөрсөн баасан гарагт баталснаар өнөөдөр гарын үсэг зурав. Хоёр төслийн нийт санхүүжилт 53 сая ам.доллар юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “Зээлийн эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн нийт хугацаа 30 жил, зээлийн хүү жилийн 1.25 хувь. Бидний саналыг хүлээн авч, хамтран ажиллаж буй Дэлхийн банканд талархал илэрхийлье” хэмээжээ.

Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михнев “Төвлөрсөн дулааны үйлчилгээний найдвартай, тогтвортой хангамжийг бий болгож, гэр хорооллоос гарч буй утааг бууруулахад туслах зорилгоор хот суурин газрын дулаан, хангамжийг шинэчлэх, өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж шинэчлэх үйл явцыг Дэлхийн Банк идэвхтэй дэмжиж ирсэн билээ. Бидний зүгээс төвлөрсөн дулааны сүлжээнд тулгарч буй гол бэрхшээлийг шийдвэрлэх, дулаан хангамжийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг тогтвортой хангахад туслах уг төслийг хэрэгжүүлэх замаар энэ чиглэлд дэмжлэг туслалцаагаа үргэлжлүүлж байгаадаа баяртай байна” гэв.