Коронавирусээс болж, агаарын тээврийн компаниуд дампуурсаар байна

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

Коронавирусын халдварын тархалт, цар тахал бүх дэлхийг орвонгоор нь эргүүлж орхилоо. Бүхий л улс орны эдийн засаг асар их алдагдал хүлээж байна. Хөл хорионоос болоод олон байгууллага хаалгаа барихад хүрч, олон арван сая хүн ажилгүй болж байна. Энэ хямрал агаарын тээврийн компаниуд, аялал жуулчлалын салбарт илүүтэй хүнд тусч байна. Агаарын тээврийн хэд хэдэн компанийн хувьд үйл ажиллагааных нь эцэс болоход хүрчээ. Агаарын тээврийн ямар компаниуд дампуурлаа зарлахад хүрч байна вэ. Хамгийн түрүүнээ италид хоёрт ордог “Air Italy” компани хоёрдугаар сарын 11-нд цаашид ажилллаж чадахгүйгээ зарласан байна. 

FlyBe. Британийн Эксетер нийсэх буудалд байрладаг “FlyBe” компани Английн засгийн газраас 100 сая фунт стерлингийн тусламж хүссэн ч эрх баригчид тусламж үзүүлж чадаагүйгээс гуравдугаар сарын 5 гэхэд дампуурч гадаад удирдлага томилсон байна. 

Braathens Regional Airlines. Шведэд бүртгэлтэй бүс нутгийн бас нэг тээвэрлэгч Braathens Regional Airlines буюу BRA санхүүгийн алдагдлаасаа болж дампуурч байгаа тухай браимт бичгээ шүүхэд өгчээ. Гэхдээ өөрийнхөө албан ёсны сайтад болохоор үйл ажиллагаагаа намар гэхэд сэргээнэ гэж мэдэгдсэн байдаг. 

AtlasGlobal. Туркийн агаа­рын тээврийн “AtlasGloba” ком­пани өөрийн үйл ажил­ла­гаа­гаа бүрэн зогсоож дампуурлаа зар­лас­наа өнгөрсөн хоёрдугаар са­рын 13-нд шүүхэд өгсөн байна. 

Африкт

Air Mauritius. Маврикийн агаарын тээврийн ““Air Mauritius мөн л дампуурлын үйл явцдаа ороод байна. Компанийн удирдлага корона­вирусээс үүдэлтэй хямралын улмаас цаашид санхүүгийн чадваргүй болсноо мэдэгджээ. 

Умард болон Өмнөд Америк

United Express. United Express брэндийн дор нислэг үйлддэг, умард америкийн анхны агаарын тээвэрлэгч үйл ажиллагаагаа дөрөвдүгээр сарын  нэгэн гэхэд бүрэн зогсоосон байна. Гэхдээ хямрал  дууссаны дараа 2020 оны эцэс гэхэд эргээд ажилдаа орно гэж мэдэгдээд байгаа. 

Miami Air International. Флоридын тусгай үүргийн компани дампуурлын тухай баримт бичгээ гуравдугаар сарын 24-нд өгсөн байна. Энэ компани аялал жуулчлал, спортын багууд, АНУ-ын цэргийнхэн гээд тусгай захиалгаар нислэг үйлддэг байсан юм. 

Carrier Compass Airlines. “American Eagle и Delta Connection” гэх нислэг үйлддэг байсан тус компани хямралаас болоод үйлчлүүлэгчгүй болж дөрөвдүгээр сарын 5-наас хойш ямар ч ажилгүй болоод байна. 

RavnAir. Аляскт үйл ажиллагаа явуулдаг томоохон энэ компани дөрөвдүгээр сарын 5-нд дампуурлаа зарласан. Гэсэн ч АНУ-ын Засгийн газраас баталсан коронавирусын үеийн эдийн засгийг дэмжих CARES хуулийн дагуу санхүүгийн дэмжлэг авах тухайгаа тавдугаар сарын 20-нд мэдэгдсэн. Компани одоо худалдан авагч хайж байгаа болохоор бүрэн байхгүй болсноо хараахан зарлаагүй байна. 

Avianca. Колумбын энэ компани улсаасаа санхүүгийн дэмжлэг авч чадаагүй болохоор төлбөрийн чадваргүй болж тавдугаар сар гэхэд дампуурах өргөдлөө шүүхэд өгсөн. 

TAME. Эквадорын агаарын тээврийн тэргүүлэх энэ компани мөн л дампуурлын үе шатандаа явж байна. Засгийн газар ч төрийн энэ компанийг хаахаар шийдвэрлэжээ. 

Ази, Номхон далайн бүс

Thai Airways. Тайландын агаарын тээврийн энэ компаний дампуурлын тухай баримт бичгийг шүүх тавдугаар сарын 19-нд хүлээн авсан бол Засгийн газар ч тус компанийг өөрчлөн шинэчлэх төлөвлөгөө гаргажээ. Эцсийн шийд гартал тус комани үйл ажиллагаагаа явуулсаар байх юм байна. 

Virgin Australia. Австралийн хоёрт ордог агаарын тээврийн энэ компани дампуурлын үйл явцаа дөрөвдүгээр сарын 21-нд эхлүүлж удирдлагын тендер зарласан. Одоогоор дөрвөн ч худалдан авагч гараад байгаа ч стратегийн хөгжлийн шинэтгэлийн талаар тохиролцож чадахгүй байгаа юм байна. 

ОХУ

Хөл хорионы дэглэмийг өөрчлөхгүй бол Оросын агаарын тээврийн олон компани дампуурна гэж нисэхийн шинжээчид гуравдугаар сарын дундуур мэдэгдэж байсан ч хараахан ийм явдал болсонгүй. Өнөөдөртөө нэг ч компани дампууралгүй тэсч байна. Олон компани үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байгаа ч ихэнх нь дотоодод нисч, маршрутаа цөөлөн аргалсаар байна. Оросын нисэхийн удирдлагад ойр байдаг эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Оросын иргэний агаарын тээврийн компаниуд энэ 2020 онд 70-100 тэрбум рублийн алдагдал амсах юм байна. Энэ байдал эцэс болж хурдан сэргэх үү гэдэгт өнөө хэр хариугүй л байна.

Х.ӨЛЗИЙ

Эх сурвалж: Монголын Мэдээ сонин (дугаар 071/5371)