Цар тахлын улмаас 130 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэхийг НҮБ анхааруулжээ

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

 

Туркийн хилийн ойролцоох Сирийн дүрвэгчдийн хуаран

НҮБ-ын харьяа Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бисли коронавирусийн цар тахлын улмаас дэлхий даяар 130 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх төлөвтэй байгааг Мягмар гарагт мэдэгджээ.

 

Цар тахал эхлэхээс өмнө тэрээр 2020 онд дэлхийн хоёрдугаар дайнаас хойшх хамгийн том хүмүүнлэгийн гамшиг нүүрлэхийг улс орнуудын удирдагчдад анхааруулж байснаа НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хурлын үеэр хэлсэн байна.

 

Сири, Йеменд өрнөж буй дайн, Африк тивийн зарим хэсгийг бүрхсэн царцааны нүүдэл, Ливан, Конго, Судан, Этиоп зэрэг орнуудад тохиолдсон байгалийн гамшиг, эдийн засгийн хямралын улмаас өнөөдөр дэлхий даяар 821 сая хүн өдөр бүрийг хоосон ходоодтой үдэж байгаа бол Covid-19 тахлын улмаас 2020 оны сүүлээр дахиад 130 орчим сая хүн хоол хүнсгүй болох тооцоо гаргажээ.

 

Дэлхийн Хүнсний Хөтөлбөр өнөөдөр өдөр бүр 100 орчим сая хүнд хүнсний тусламж үзүүлж байгаа бөгөөд 30 орчим сая хүн зөвхөн энэ тусламжийн ачаар амьд байгааг Дэвид Бисли мэдэгдсэн байна.

 

Тэр өөрөө саяхан Covid-19 өвчин тусаад эдгэсэн юм.

 

Гадаадад ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн эх орон руугаа илгээдэг мөнгө багассанаас Хайти, Балба, Сомали зэрэг улсуудад хүнсний хямрал үүсэх магадлал өндөр бол аялал жуулчлал уналтад орж, дагаад газрын тосны эрэлт огцом буурсан нь мөн эдгээр салбаруудаас эдийн засаг нь хамааралтай улс орнуудад хүнд цохилт болно гэж Дэвид Бисли мэдэгджээ.

 

Тухайлбал Этиоп улсын экспортын орлогын 47 хувь нь аялал жуулчлалаас бүрддэг бол Өмнөд Судан улсын эскпортын 99 хувийг газрын тос бүрдүүлдэг байна.

 

Олон сая хүнийг өлсгөлөнгөөс аврахын тулд дэлхийн улс орнууд яаралтай нэгдсэн арга хэмжээ авч, худалдаа, эдийн засгийн эргэлтийг сэргээхийг Дэвид Бисли уриалжээ.

 

 “Цаг хугацаа бидний талд үйлчлэхгүй тул ухаалаг бодлогоор түргэн ажиллах шаардлагатай байна. Өөрсдийн туршлага, хамтын ажиллагааны хүчээр Covid-19 тахлыг өлсгөлөн, хүнсний хямралын шалтгаан болгохгүй байж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж тэр мэдэгдсэн юм.

 

 

 

Эх сурвалж: Associated Press