Хосгүй үнэт үзмэр: Цаасан мөнгөн тэмдэгт

ТЕХНОЛОГИ

Материал: Модны холтос, зарим ургамлын навч

 

Хэмжээ: урт 28, өргөн 23,5см

 

Холбогдох он цаг: XIII зуун 15.

 

“Цаасан мөнгөн тэмдэгт" үзмэр Хубилай хааны зарлигаар Юань улсад гүйлгээнд гаргасан энэхүү цаасан мөнгө нь түүний хаанчлалын оны цолоор “Жи Юань” (1264-1294 он) хэмээн нэрлэгджээ. Модны холтос, зарим ургамлын навч зэргийг хольж тусгай аргаар боловсруулсан цаасан дээр барласан энэ мөнгө нь Юань улсын мөнгөн тэмдэгтийн дотроос хамгийн өндөр номиналтай мөнгөн тэмдэгт юм.

 

Уг мөнгөн тэмдэгт нь “2 күан” буюу “2 хэлхээ” хэмээн нэрлэгдэнэ. Хэлхээ гэдэг нь 100 ширхэг зоосон мөнгөний хэлхээг хэлнэ. Цаасан мөнгөн дээрх 2 хэлхээ нь 200 ширхэг зоостой тэнцэх үнэлгээтэй гэсэн утгыг агуулна. Мөнгөн тэмдэгт дээрх ихэнх бичээсийг хятад хэлээр бичсэн байдаг боловч тэмдэгтийн гол хэсгийн баруун, зүүн талд “Бүх нутаг дэвсгэрт гүйлгээний эрхтэй” гэсэн хятад үгийг дөрвөлжин бичгээр бичиж, их хааны сангийн тамга даржээ. Тэмдэгтийн доод хэсэгт “Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдвэл цаазаар авна. Гэмт этгээдийг мэдээлсэн хүнд 5 лан мөнгө шагнана. Энэ мөнгө нь хааны албанаас баталсан өндөр эрхтэй, бүх орон нутагт хугацаагүй гүйнэ” гэсэн хятад бичээстэй.