"Транзит зорчигч авах нислэг нь Америк, Австралиас ирэх иргэдэд боломж олгоно"

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

УОК-ын Шуурхай штабын хурлын үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг БНСУ-аас хийгдэх нислэгийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Америк, Австралиас эх орондоо ирэх хүсэлтээ элчин сайдын яаманд гаргасан иргэдийн тоо нийлээд 3000 гарсан. Сөүлээс дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хийх, зөвхөн транзит зорчигч авах нислэг нь Америк, Австрали зэрэг улсаас ирэх гээд ирж чадахгүй байгаа иргэдэд боломж олгох зорилгоор УОК-ын даргын шийдвэрээр хийхээр болсон нислэг гэдгийг хэлэхэд таатай байна.

Штаб дээр маш олон өргөдөл ирж байна. Бид өмнө нь энэ нислэгүүдийг хийхдээ зарласан ба шинэ бүртгэл Элчин сайдын яам дээр хийхгүй. Элчин сайдын яам өмнө нь ирсэн 9,000 гаруй өргөдлийг хүндэтгэн үзэх таван шаардлагын дагуу нь эрэмбэлж, нотлох баримтыг нэг бүрчлэн аваад, Шуурхай штаб дээр ирүүлсний дараа энд ажлын хэсэг эцсийн шийдийг гаргана. Өөрөөр хэлбэл, баталгаажсан нэрсийг Шуурхай штаб дээр эцэслээд холбогдох элчин сайдын яамдад хүргүүлэх дарааллаар ажлууд хийгдэнэ.

Солонгосоос тавдугаар сарын 1-нд хийгдэх нислэг нь зөвхөн БНСУ-д оршин суудаг, түр хугацаагаар байгаа иргэдэд боломж олгож байна. Урд өдөр нь транзит зорчигчдыг нэг онгоцонд суулгачихаар, Солонгосоос ирэх зорчигчдын тоо тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Үүнд, дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн тусгай үүргийн нислэгээр ирэхээр бүртгүүлсэн боловч нислэгт багтаагүй хүмүүсийг тэргүүн ээлжид хамруулна. Бидэнд одоо байгаа мэдээллээр 160 гаруй иргэн байна.

Үүнээс гадна визний хугацаагаа хэтрүүлээд Солонгосын түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийг зайлшгүй авахаас өөр аргагүй байгаа. Хүндэтгэн үзэх 5 шалтгаанаас гадна саатуулагдсан иргэдийг авна.

Мэдээж баярлаад ирэх иргэдийн тоо, бухимдаад үлдэх иргэдийн тоо их. Бид аль эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг боломжоороо үе шаттай татаж байгаа. Та бүхэн аль болох ойлгож, тэвчээртэй хандахыг хүсье." гэв.